ЖАКАРТА. /Синьхуа/. Индонезийн эрх баригчид хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоо Жакартагаас өөр хот руу шилжүүлэх үйл явцыг 2021 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Индонезийн үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Бамбанг Брожонегоро мэдэгджээ.

“Барилгын ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд нийслэл хотыг шилжүүлэх үйл явцыг 2024 он гэхэд дуусгана гэж найдаж байна. Шинэ нийслэл Индонезийн төв хэсгийн Калимантан аралд бий болно. Хотыг нүүлгэн шилжүүлэх зардал 32.5 тэрбум ам.доллар болно гэж үзэж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. Индонезийн Засгийн газар өмнө нь энэ төслийг хэрэгжүүлэхэд 22.6 тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцоолсон байна.

Дэд бүтэц нь хуучирсан Жакартагаас нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэхийг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр санал болгожээ. Нийслэл Жакарта хотын замын түгжрэлд автомашинууд жилд 22 өдрийг зарцуулдаг болохыг “Uber” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Энэ нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн Жакарта хот нь хамгийн их ачаалалтай нийслэл хотуудын жагсаалтад 12 дугаарт орсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг