Шинэхэн даргаа сонгоод буй НИТХ өнөөдөр хуралдах ёстой байсан ч мөн л ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хуралдсангүй. Гурав дахь удаагаа хойшилсон шалтгааныг Нийслэлийн МАН-ын бүлгийн хагарлаас болсон гэсэн таамаг байна. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр НИТХ-ын гишүүн Д.Баярсайханы фракц зориуд ажилдаа ирэхгүй байгаагаас ийнхүү хурал гацаанд оржээ. Түүний хувьд НИТХ-ын даргад нэр дэвшсэн ч хоёр дахь санал хураалтаар С.Амарсайханд хоёр саналын зөрүүтэйгээр ялагдсан юм. С.Амарсайханы хувьд намынхаа нөхдийг хэт эрх ашигт баригдсан, МАН-ын хурал нь хүртэл компанийн бүтэцтэй болчихсон хэмээн шүүмжилж байсан удаатай.


Энэ удаагийн хурлаар нийслэлийн ирэх жилийн төсөв батлах, хэдэн сар хуримтлагдсан цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байжээ. Нийслэлийн Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ тал дээр “МАН-ын зөрчил нийслэлийн ажлыг гацаагаад байна. Тавдугаар сараас хойш хурал хийгээгүй” хэмээн мэдэгдсэн билээ.