Никарагуад болсон Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 127-д хүрчээ. Энэ тухай Хүний эрхийн асуудал эрхэлсэн Америк хоорондын комиссын мэдээлснийг иш татан “Nuevo Diario” сонин мэдээлэв. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр мөн 1000 орчим хүн бэртэж гэмтсэн байна.

Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудлын улмаас Никарагуад өнгөрсөн 4 дүгээр сарын 18-наас эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Тус шинэчлэлээр ажил олгогчид болон ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эрх баригчид санал болгожээ. Шинэчлэлийг Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега цуцалсан байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг