“Нинжа” хэмээн нэрлэгдэж, сайн муу элдвээр хэлүүлж, хувиараа алт олборлож байсан иргэд өдгөө Монголын бичил уурхайчдын нэгдсэн Дээвэр холбоонд харьяалагдаж хууль журмын дагуу ажиллаж, нэгдэн хариуцлагатай бичил уурхайчид болжээ. Сүүлийн тоо баримтаар 10 орчим мянган хариуцлагатай бичил уурхайчид бий. Тэдний 6500 нь хариуцлагатай бичил уурхайчид. Цаана нь бүртгэлгүйгээр хувиараа ашигт малтмал олборлодог, сэндийчсэн газраа нөхөн сэргээлт хийдэггүй, нэгдсэн зохион байгуулалтад ороогүй /ХАМО/ 60-80 мянган иргэн бий. Орон нутагт хууль бусаар алт олборлодог эдгээр хүмүүсийг бичил уурхайчидтай эндүүрдэг, цаашлаад хомроглон бичил уурхайчдын үйл ажиллагааг зогсоох нь гэсэн яриа сүүлийн үед гарах болов. 

Үнэндээ бичил уурхайчид гэдэг нинжа нар биш юм. Харин ч хууль бус олборлолтыг эсэргүүцдэг гэдгийг сэтгүүлчид бид өнгөрсөн жил Шарын голын хөндийд сурвалжилгаар яваад ирэхдээ нүдээрээ харж танилцаад ирсэн билээ.

Тэнд бичил уурхайчид нэг хамт олон болж нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байхад уулын мухарт очсон ХАМО иргэд өндөр хүчин чадалтай техникээр ухаж сэндийчээд хаячихдагтай бишгүй таарсан. Сум орон нутгийн зүгээс шаардлага тавиад хүчрэхгүй өдийг хүрчээ. Тэд техникийн хүчээр уулын модыг унаган шороогоор дарж “модны оршуулга” хийдэг бөгөөд албан тушаалтнууд ирэх сургаар зугтчихдаг нь хариуцлагатай бичил уурхайчдын нэрийг унагааж байна гэж санаа зовнин ярихтай таарсан юм. Ард нь зөвшөөрөлгүйгээр хүдэр баяжуулах цех барьсан, аюултай химийн бодис ашигладаг гээд асуудал олон. 

Бичил уурхайчдын хувьд байдал тэс өөр. Тэд амралтын өдөртэй,  талбайд гарахаасаа өмнө ХАБ-ын дүрэм журамтай танилцдаг, алкахол илэрвэл ажилд гаргадаггүй гээд нарийн дэг журмыг баримталдаг юм билээ. Өмнө нь үхэлтэйгээ зэрэгцэн ажиллаж ирсэн тэд хөдөлмөр хамгааллын хэрэгсэлтэй болж, өвдлөө гэхэд л нийгмийн даатгалтай учраас эмнэлгийн үйлчилгээ авахад асуудалгүй гэсэн итгэлтэйгээр ажилллаж байна. Ашигт малтмал олборлосон газартаа мод, ногоо тарьж хүлээлгэн өгнө гэж итгэлтэй өгүүлэх нь  хоргүй технологи хэрэглэдэгийнх. Ажиллаж буй залуусынх ихэнх нь орон нутгийн иргэд бөгөөд тогтвортой ажлын байраар хангагдаж иржээ. Гэвч тэднийг өнөөг хүртэл нинжа нартай адилтган ойлгодог сөрөг хандлага хэвээрээ байгаа нь харамсалтай.


Хариуцлагатай бичил уурхайчид гэж хэн бэ?

Томоохон уул уурхайн компаниуд техникийн хүчээр ашигт малтмалыг сорчлон олборлодог. Үлдсэн буюу нөхөн сэргээгдээгүй хаягдсан талбай дээр нь ажиллаж олборлолт хийж нөхөн сэргээлт хийж буй хүмүүс бол бичил уурхайчид юм. Тэд нөхөрлөл хэлбэрээр хамт олон болж ажилладаг, нийгмийн даатгал төлдөг, өөрсдийн ажилласан талбайд нөхөн сэргээлт хийдэг, олборлосон алтаа Монголбанканд тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажилладаг, байгалийн баялгийг хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж байгаа жирийн л иргэд юм. 

Шар хөтлийн тал дахь хариуцлагатай бичил уурхайчид

Бичил уурхайчдыг томоохон уул уурхайн компаниудтай харьцуулж үзье. Сүүлд гэхэд Засгийн газрын шийдвэрээр “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцласан. Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд тус компани 8500 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ.

Гэтэл Монгол Улсын хэмжээнд бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж буй талбайн хэмжээ ердөө 374 га газрыг хамардаг.

Бичил уурхайчид энэ багахан га газартай хариуцлагатайгаар ажиллаж амьжиргаагаа залгуулж буй хүмүүс юм. Тухайлбал Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчдын нөхөрлөл гэхэд 10 жилийн туршид 30 га газар үйл ажиллагаа явуулж 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж иржээ. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг Баатар вангийн хишиг ТББ гэхэд 10 жилийн туршид ердөө 5 газар ашиглаж 250 хүнийг ажлын байраар хангажээ. Энэ мэтээр жил ирэх тусам зохион байгуулалттай болж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ТББ цөөнгүй байгаа аж.  

Бичил уурхайчдын мэдээллийн булан


Орон нутагтаа ч тэдний оруулж байгаа хувь нэмэр их. Тэдний нэг нь "Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа юм. Энэхүү ТББ нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвийн 2 км зам тавиж, сумынхаа сурагчдын дотуур байрыг бүрэн камержуулж, эмийн эргэлтийн нөөц бүрдүүлсэн, 0-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан 21 ортой сувиллын эмнэлэг байгуулжээ. Бичил уурхайчдын хувьд ч тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг болсон учраас эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болжээ.

Хэнтийн аймгийн хэмжээнд гэхэд бичил уурхайчдын гэрээгээр авсан талбайд онгойж үлдсэн нүх байхгүй, нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн гэдгийг тус аймгийн Бичил уурхайн холбооны тэргүүн Н.Нацагмаа дурдсан юм. Өдгөө Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоонд 15 байгууллага гишүүн болж, ТББ-ын 420 гаруй нөхөрлөл орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш 450 га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн гэж тус холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хэлсэн юм. Өдгөө олон улсад 17 оронд бичил уурхайн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж 100 орчим сая хүн амьжиргаагаа залгуулж буй ч Азидаа бичил уурхайн стандартыг олон улсын түвшинд хангасан цорын ганц улс нь Монгол Улс юм байна.

Энд онцолж хэлэх зүйл бол хариуцлагатай бичил уурхайчид алт гаргахын тулд заавал мөнгөн ус, цианит ашигладаггүй, томоохон техник ашигладаггүй. Төв аймгийн Борнуур сумын хувьд хоргүй технологийг хамгийн түрүүнд нэвтрүүлж “Борнуур мөнгөн усгүй амьдрал” төсөл хэрэгжүүлж байна. Бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүн Н.Наранцогт “Нинжа гэж муугаар хэлэгдэж, хэзээ үхэхээ мэдэхгүй эрсдэлтэй орчинд ажиллаж амьдарч байсан цаг үе бий. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж, төрд дуу хоолойгоо хүргэж, шаардлагатай журам батлуулж, эрсдэлгүй аюулгүй ажиллах боломжийг бүрдүүлэхээр 2008 оноос ТББ байгуулан ажиллаж байна. Анх учраа мэдэхгүй хүмүүс олборлолт хийхдээ энд тэндгүй мөнгөн ус хэрэглэдэг байсан нь үнэн. Олон жил ажиллаж байхдаа олж харсан зүйл бол тухайн газар орныг орон нутгийн иргэд л хайрладаг юм билээ. Тэд хоргүй технологийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөнгөн ус алтыг тоосонцроос хурдтай ялгадаг учраас л уурхайд хэрэглэдэг. Гэвч  үнэндээ хүдэрт байгаа агуулгыг бүрэн аваад өгчихдөг зүйл биш юм шүү.  Алтыг үндсэн ордын хүдрээс мөнгөн ус хэрэглэхгүй ялгаж авдаг технологи маань суларсан алтны 98 хувийг ялгаж чадаж байна. Манай Төв аймгийн Борнуурын цех алтыг үндсэн ордын хүдрээс мөнгөн ус хэрэглэхгүй ялгаж авдаг технологийг амжилттай хэрэгжүүлсэн” гэлээ.

Хариуцлагатай бичил уурхайчид дөрвөн аймагт долоон хоргүй технологи бүхий цех байгуулан ажиллаж байна. Харин хууль бусаар алт олборлогчдын мөнгө усны хэрэглээ нэлээдгүй байгааг судалгаа батлан харуулаад буй.


Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг:

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг:
Манай нэгдсэн холбооны гишүүн байгууллага 15 аймгийн 55 суманд үүсгэн байгуулагдсан. Нийт 87 ТББ-ын 420 гаруй нөхөрлөл орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам гэж бий. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулаад сайжруулаад явах боломжтой. Харин цуцлах нь маш эрсдэлтэй. Үе үеийн Засгийн газар бичил уурхай дээр ухаалаг бодлого баримталж ирсний хүчинд бичил уурхайчид амжилттай явж байна. Хэрэв энэ бодлого цуцлагдвал өмнөх шигээ хөл толгой нь олдохгүй эмх замбараагүй байдалд орох аюултай. Бид зорилтот бүлгийн дуу хоолойн төлөөлөл учраас энэ тал дээр ажиллах болно.Хамгийн гол нь иргэд олон нийт нинжа болон бичил уурхайчид гэж нэгтгэж ойлгоод байгаад хамаг учир байгаа юм. Энэ хомрогонд л хариуцлагатай бичил уурхайчдын нэр унаж, нийгэмд буруугаар ойлгогдож ирлээ. Тухайлбал хариуцлагатай гэдгийн нөхөн сэргийлтийн дүнгээс харж болно. Нөхөн сэргээлт гэхэд зөвхөн энэ оны 10 дугаар сарын байдлаар 480 га газрыг албан ёсоор хүлээлгэж өгөөд байна. 

Бичил уурхай гэдэг ганц манай улсад л байгаа зүйл биш. Өнөөдөр дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулж байна. Тиймээс бичил уурхайчдыг ад үзэж шууд хааж боогоод хаячихаж болохгүй. Ингэснээр ард нь маш аюултай үр дагавартай учирч болно. Иймээс төрийн бодлогоор урт хугацаанд анхааах ёстой. Цаашид МБУНДХолбооноос  бичил хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд хуулийн хүрээнд зохион байгуулалтад ороход нь чиглэсэн сургалт хөтөлбөр хэрэгжүүлэн бичил уурхайчдыг сургах, мэргэшүүлэх, цаашид бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжүүлэх чиглэлээр зорилт тавин амжилттай ажиллаж байна.

Саяхныг хүртэл бичил уурхайд зориулсан эрх зүйн орчинтой газар Монгол л байлаа. 2019 онд Гондурас улс дагнасан журамтай болсон. Бас нэг амжилт нь 2015 онд Монгол Улс Ази тивээс анх удаа дэлхийн бичил уурхайчдын стандартыг хангаж экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан юм. Энэ стандартын дагуу олборлосон алтыг “Шударга олборлолтын алт” гэж нэрлэдэг

Эко алт гэдэг нь бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулдаг. Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4,000-6,000 ам.долларын урамшууллыг олгодог. Энэ алтаар ихэвчлэн нэр хүндтэй шагналыг бүтээдэг. Тухайлбал олимпийн медаль, Нобелийн шагнал зэргийг зөвхөн “Шударга олборлолтын алт”-аар хийж байна.“Рио-2016” олимпийн  наадмын медалийг гэхэд монголын бичил уурхайчдын олборлосон алтаар хийсэн. Энэ мэтээр барууны орнуудад сертификаттай эко алт худалдан авах сонирхол, хандлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа.