Баталгаатай нөхцөлөөр хангагдсан бүртгэгдээгүй бичил уурхайчдын амьдрал...

“Нинжа” хэмээн нэрлэгдэж, нийгмийн амьдралаас тасарч, байгаль орчинг сэндийчдэг, мөнгөн ус хэрэглэдэг хэмээн адлуулж явсан хувиараа алт олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад орж нөхөрлөл хэлбэрээр ажиллах болоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Ийнхүү зохион байгуултад орсоноор алт тушаалт нэмэгдэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал нь шийдэгдсэн гэх нааштай мэдээ дуулдах болсон.

Бодит байдлыг сурвалжилахаар Улаанбаатар хотоос Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилтнууд болон 30 орчим сэтгүүлчдийн баг бичил уурхай эрхэлдэг иргэдтэй уулзахаар Дархан-Уул аймгийг зорилоо. Эхний удаа Шарын гол сумын Шар хөтөл хэмээх газар саатав. Аймгийн төвөөсөө 70 орчим км зайтай энэ газар сүүлийн 10 гаруй жил гар аргаар алт олборлогчдын зорин ирдэг газар болжээ.

Өмнө нь энэ газар иргэд хууль бусаар, гар аргаар алт олборлож шороонд дарагдаж амь насаа алдах зэрэг эрсдэлтэй учирч байсан нь нууц биш, голдуу олборлосон алтаа хот руу ченжээр дамжуулж Урт цагааны хятадуудад зардаг байжээ. 

2008 оноос ”нинжа” нар нэгдсэн зохион байгуулалтад орж нэгдсэн, нийгмийн хариуцлагатай ажилладаг бичил уурхайчид болжээ. Ил тод, хариуцлагатайгаар нөхөрлөл хэлбэрээр ажилласнаар тэдэнд өмнөх шиг осол гэмтэл ч багассан, хэн нэгэнд хөөгдөж туугдахгүйгээр санаа амар ажиллах боломж ч бүрдэв. Мөн өмнөх шигээ хот хороо явж цаг хугацаа алдах шаардлагагүйгээр олборлосон алтаа эх орныхоо эрдэнэсийн сандаа тушаах нөхцөл орчин ч тус орон нутагт бүрдсэнд бичил уурхайчид сэтгэл хангалуун байлаа.

Үүнийг бидний очсон Шар хөтөл хэмээх газар үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын талбай, ажиллах арга барил тодхон харуулж байлаа.



ЗАМ ТАВЬДАГ, НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАОАТ ТӨЛДӨГ НӨХӨРЛӨЛИЙНХӨН

Өвлийн сар гарсан ч Шар хөтлийн талд багахан цастай, жавар салхитайхан.  Өдийд улирлаас шалтгаалан техниктэй бичил уурхайчид амарсан бол эдгээр иргэд ажиллах боломжтой. Хашаалж татан камержуулж, харуул хамгаалалттай болсон тус газарт зун 1100 орчим хүн ажиллаж амин зуулгаа базаажээ.

Бичил уурхайчид хашаандаа нэгдсэн цайны газартай жижигхэн дэлгүүртэй ч юм. Биднийг очиход тэдний ихэнх нь Шарын гол сумын урлагийн үзлэгт оролцохоор, нэг хэсэг нь идэш бэлдэх цаг тул гэртээ харьж цөөхүүлээ буюу 60-аад хүн талбайд ажиллаж байв. Тус ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа “Энэ жил бидний хувьд олз омогтой жил байсан. Нийт 1100 хүн ирж ажилласны 565 нь Шарын гол сумынх, үлдсэн нь бусад газраас ирсэн. Ирээгүй аймаг сум гэж байхгүй. Бүгдийг нь нийгмийн даатгалд хамруулан, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаж ажилласан” гэв. Нутгийн иргэдийн хэлснээр ийнхүү нэгдсэн зохион байгуулалтад орсоноор Шарын гол сумын иргэдийн амьжиргаа сайжирсан, түүнийгээ дагаад ТҮЦ, дэлгүүрт хураалгаастай байсан иргэний үнэмлэх ч харагдахаа больсон, орлого нь илт нэмэгдсэн гэнэ. Бас нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвийн 2 км зам тавиж, сумынхаа сурагчдын дотуур байрыг бүрэн камержуулж, эмийн эргэлтийн нөөц бүрдүүлсэн, 0-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан 21 ортой сувиллын эмнэлэг байгуулсан гээд олон ажлыг хийж амжуулжээ. Бичил уурхайчдын хувьд ч тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг болсон учраас эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж ч бүрджээ. Тэд бүртгэлгүй ТББ-ын журмаар ажилладаг гэдгээрээ онцлог. Ямар ч техник хэрэглэдэггүй гэсэн үг.

Хаалганаасаа 500 орчим метрийн цаана шороон ордоос алт гар аргаар алт олборлодог юм байна. Нөхөрлөлийнхөн дотроо бригадын хэлбэрээр баг болон ажиллацгаана. Бичил уурхайчид нүх ухахыг шрупп тавина гэж нэрлэх юм. Эгц доошоо 20 м хүртэл гүн ухдаг. Гэхдээ энэ газар төсөөлж байсан шиг овоорсон шороо, олон онгойсон нүх бараг алга. Нэгдсэн зохион байгуулалттай болсны давуу тал нь ч энэ. Нэгэнт хуулийн хүрээнд ажилладаг учраас ухаж сэндийчсэн эзэнгүй тал бус тухай бүрт нь ашиглаж дууссан нүхээ булж талбай дээрх бичил уурхайчдынхаа аюулгүй байдлыг хангадаг аж. Орлогын хувьд энд ажиллаж буй иргэд алтны гарцаасаа шалтгаалан сард сая төгрөгөөс буудаггүй гэв.

Баруун гар талаасаа эхнийх нь Б.Буян-Өлзий. Гэрэл зургийг Н.Батбаяр

Энд ажиллаж байгаа бичил уурхайчдын нэг нь Б.Буян-Өлзий. Тэрбээр Говь-Алтай аймгийн харьяат боловч сүүлийн хэдэн жил Шарын голд төвхнөжээ. Энд тэр 5 хүнтэйгээр нэг бригад болон ажилладаг бөгөөд 3 нь хамаатан садангууд гэв.  Өмнө нь “нинжа” буюу нэгдсэн зохион байгуулалтад орохгүйгээр 9 жил ажиллаж байгаад өнгөрсөн жил энэхүү ТББ-д хамрагдсанаар цаг нартай ажилладаг хамгийн гол нь өвдөж зовлоо гэхэд нийгмийн даатгалаараа эмнэлэгийн үйлчилгээ эрхэлдэг болсонд олзуурхаж байгаа гэв. Түүний хувьд хоол ундаа албан ёсны газраас авчихдаг, хөөж туугдаж явахгүй нэгдсэн зохион байгуулалттай гээд олон давуу тал нөхөрлөлд бийг дурьдлаа.  Нөхөрлөлийн тэргүүнээс ч архи уусан, эсвэл өмнөх өдөр нь архи уусан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдлын үүднээс талбай руу оруулдаггүй болохоор энд эмх журамтай байдэг гэлээ. Энэ жилийн хувьд гарц сайтай нэг портер машин шороо угаахад багадаа 10 гр, дээд тал нь 100 гр алт гарч байсан гэв.


БҮРТГЭЛТЭЙ НЭРТЭЙ, СУПЕР НИНЖА НАР АСУУДАЛ ДАГУУЛСААР

Бидний дараагийн очсон газар бол алт угааж боловсруулах газар. Бригадууд 14-17 метрийн гүнээс ховоогоор татаж авсан шороогоо портер машинаар зөөж энэ газар усан буугаар угааж алтаа гаргах ажил өрнөдөг. 

Бичил уурхайчдын ажил амаргүй, хүнд хүчир ажил юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад өмнөх “нинжа” нарын амьдрал ямар хүнд байсан нь тодорхой. Тэд ухсан шороогоо угааж, удаан хугацаанд шигшсэний дараа түмпэнгийн ёроолд үлдсэн үртэсхэн алтаа нэгтгэн цуглуулж тушаадаг. Гэхдээ энд алт гаргахын тулд заавал мөнгөн ус, цианит ашигладаггүй, алтны шороон орд давуу тал нь ч энэ.

Шар хөтөлд очиход овоолсон багахан шорооноос өөр зүйл харагдаагүй бол харин тэрхүү алт угаах газрын ойролцоо ухаж сэндийчсэн шороо уул овоо шиг харагдана. Хэргийн эзэд нь бүртгэлтэй гэгдэж буй нөхөрлөлүүд. Тэдний дотор ном журмын дагуу ажилладаг нь бий ч  бүртгэлтэй нөхөрлөл нэрийг барьж ухах явдал ч цөөнгүй гэнэ. 

Бичил уурхайчид техник ашиглахыг Засгийн газрын 2017 оны бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмандаа заачихсан. Гэхдээ бичил уурхайчдын ярьдагаар “унагалдай” буюу жижиг оврын 3500 куб.м дотоод шаталтын хөдөлгүүртэй техник гэдэг нь 55 баттын чадалтай байх ёстой. Гэтэл тэд нэмэлт турбо ашиглаж, өндөр хүчин чадалтай техникээр ухаж сэндийчээд хаячихдаг, сум орон нутгийн зүгээс шаардлага тавиад хүчрэхгүй өдийг хүрчээ. Тэд техникийн хүчээр уулын модыг унаган шороогоор дарж “модны оршуулга” хийдэг нь хариуцлагатай бичил уурхайчдын нэрийг унагааж байна гэдгийг санаа зовнин ярьж байлаа. 

Хууль журмын дагуу ажиллах нөхөрлөлийн хажуугаар ийнхүү томоохон компаниуд халхавч хийн нөхөрлөл нэрээр орж ирэн техникийн хүчийг хэтрүүлэн хэрэглэж ийнхүү ажилладаг бололтой. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаа “Аймаг орон нутгийн удирдлагууд бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй гэрээ хийхдээ хууль дүрмээ сайн мэддэггүй. Тийм учраас гэрээ байгуулахдаа техникийн нөхцөлөө хэтрүүлж хэрэглэж болохгүйг, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, яаж хүлээж авах, ХАОАТ-ын тушаах зэргийг тусгадаггүй. Хэрэв анхнаасаа гэрээндээ зөв тусгачихвал цуцлах боломжтой. Сум орон нутгийнхан үүнээс болоод шаардлага тавьж чаддаггүй. Үүн дээрээ л алдаад байна” гэв. Хуулийн цоорхой ашиглан ашиг хонжоо хайгчдын олж болсон энэ асуудлаар "Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаагаас тодрууллаа. 


О.ЦЭЦЭГМАА: БИЧИЛ УУРХАЙЧДЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН АСУУДЛЫГ БҮРЭН ЗОГСООГООСОЙ


-Эдгээр нөхөрлөлүүд бүртгэлтэй хэрнээ яагаад ийм хариуцлагагүй ажиллаж байгаа юм бол?

-Засгийн газраас баталсан 151 дүгээр журам гарсан ч хамгийн ноцтой нэг алдаа бий. Тэр нь тус журмын “Бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн жишгээр үйл ажиллагаа явуулж болно” гээд заачихсан. Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн хүнтэй. Энэ есөн хүнд тухайн нөхөрлөл байгуулж байгаа этгээдийн эхнэр, нөхөр, хүргэн, бэр, хадам, ээж аав нь байдаг. Тийм учраас ажлын байр үүсгэж ажилладагүй.

Бас тэдний ард монгол эзэнтэй ч хятад иргэд олноор ажиллаж байнаа талаарх яриа бий.Тэд голдуу том хэмжээний техник оруулаад байгальд маш их хор хохирол учруулж байна. Энд 70:30 гэдэг зүйл үйлчилдэг. Энэ нь орлогын 70 хувийг нь техниктэй хүмүүс, 30 хувийг нь эзэн авдаг арга барил. Нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг зүйл байдаггүй. Ер нь шуудхан хэлэхэд шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөлийг байгуулж байна. Хамгийн аюултай нь бүртгэлтэй нөхөрлөл нэрийн дор компаниуд сэмхэн ажилладаг. Дээр нь сумдын Засаг даргын, байгаль орчны байцаагч нарын шахааны хүмүүс ороод ирдэг нь нууц биш. Иргэд рүүгээ хандсан ганц журам батлахдаа ард нь аюултай үр дагавар дагуулсан, бидний ажлыг үгүйсгэсэн, бичил уурхайчдын нэр хүндийг унагасан асуудлыг бүрэн зогсоогоосой гэж хүсч байна. Манайхны хэн ч ирж бодит байдалтай танилцдаггүй.

-Танай байгууллагын хувьд өөрсдийн талбайдаа нөхөн сэргээлтээ хийсэн үү?

-Бид нөхөн техникийн нөхөн сэргээлтийг хийж чадаагүй байна. Энэ газар дээрээ бид ирэх жилээс чацаргана, нарийн ногоо тарихаар төлөвлөсөн. Бас гахай, тахиан ферм байгуулах гэж байгаа. Бид яагаад аймаг сумынхаа ногооны хэрэгцээг хангаад байж чадахгүй гэж. Олон хүн Сум хөгжүүлэх санд төсөл бичиж өгсөн ч ганцхан хүн авсан. Тиймээс бид өөрсдийн хүчээр аж ахуй эрхэлнэ. Шарын гол сумын иргэд энэ ажилд түлхүү оролцоосой гэж маш их хүсч байгаа. 

Байдал ч ийм гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Ганболдын яриа батлав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар эвдэрч гэмтсэн 500 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай байгаа. Гэрээний дагуу олборлолтоо хийгээд, дараа нь нөхөн сэргээлтээ хийгээд сумын Засаг даргад хүлээлгэж өгөх ёстой. Бид ажлаа эхлэхийг нь хүлээгээд байж байна. Биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийхэд сумдын байгаль орчны байцаагчид тогтмол шаардлага тавьж ажилладаг. Техник, тоног төхөөрөмж нь хэр байгаад нарийн хяналт тавьдаг.” гэсэн юм.


АЛТ ТУШААХ АМАРХАН БАС ЭРСДЭЛГҮЙ

Монголбанкинд сорьцолсон алт хүлээн авч байгаа нь

Бидний дараагийн очсон газар бол өнгөрсөн сард нээлтээ хийсэн Стандарт хэмжилзүйн хэлтсийн харьяа Сорьцын хяналтын газар, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс юм. 

Алт тушаахдаа өмнө нь иргэд, ААН-үүд орон нутгийн ченжүүдэд атаа өгдөг, тэд нар нь аймгийн наймаачдад нийлүүлж хотод авчирч Урт цагааны дархан хятад иргэдэд тушаадаг сүлжээ хэлбэрээр ажилладаг байжээ. Эсвэл алтаа тушаахын тулд Улаанбаатарт ирж Үнэт металлын сорьцын хяналтын газар хандаж, дугаарлан дараа нь Монголбанкинд тушаадаг хэлбэрээр явж ирсэн. Мэдээж хот явахад ханшийн эрсдэлээс эхлээд замдаа бэртэж гэмтэхээс эхлээд амь насаа алдсан харамсалтай, эрсдэлтэй хэргүүд ч цөөнгүй гарч байсныг лабораторид алтаа сорицлуулахаар хүлээж суусан иргэдийн нэг хэлж байлаа.

Харин алтны сорьц тогтоох, худалдан авах төв Дархан-Уул аймагт байгуулагдсанаар энэ асуудал ард үлджээ. 

Монгол банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилготой энэхүү алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ байгуулагдсан нь бичил уурхайчдад таатай нөхцөл болжээ. Ингэснээр дан ганц Дархан төдийгүй төвийн бүсийн аймгийн иргэд, ААН-үүд алтны сорьцоо энд тогтоолгохоор зорин ирдэг болсон байна. Иргэдийн авчирсан алтыг нь нүдэн дээр нь хайлуулж хэвлүүлэх учир тэдэнд хар хорын сэтгэл өмнөх шигээ зовох зүйл алга.

САРЫН ДОТОР 99 КГ АЛТ ХАЙЛУУЛЖЭЭ

Дархан-Уул аймгийн үнэт металлын сорьцын лабораторийг байгуулахад бүгд зүтгэцгээжээ, Монголбанк болон Тогтвортой бичил уурхай төслийн нийт 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ. Мөн орон нутгийн төсвөөс лабораторийн байрны засварт 16 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн гэв. Нээлтээ хийснээс хойш тус газарт 3 ААН, 12 иргэний, 64 гулдмайг буюу бохир жингээрээ 99 кг алт хайлуулж сорьцолсон байна. Бичил уурхайчид гадны хөрөнгийн биржийн мэдээг эдийн засагч, экспертүүдээс дутахгүй харж суудаг, өсөөд ирэх үед нь тэд алтаа өгчихдөг гэнэ.

Эдгээр иргэд зохих татвараа төлдөг нь орон нутгийн санд нэлээд нэмэр болдог талаар аймгийн Засаг даргын орлогч хэлсэн.

Ердөө сар гаруйхан хугацаа өнгөрсөн боловч энэ хугацаанд Монголбанк 33 кг алтыг Лондонгийн хөрөнгийн биржийн ханшаар худалдан авч эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа үлдээж, Монгол улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. " Энэ эрчээрээ он дуустал 90 кг алт авчих байх" гэж Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн захирал Б.Жавхлан хэллээ. 

Тэрбээр “Бичил уурхай эрхлэгч, нөхөрлөлүүд, албан ёсны лицензтэй талбайгаас алт олборлогчид орон нутагтаа Улаанбаатарын үнэ ханшаар, цаг хугацаа алдахгүйгээр, ямар нэг дундын зуучлагчгүйгээр олборлосон алтаа тушаадаг. Бид Төв банкны тухайн өдрийн ханшаар алтыг худалдаж авдаг. Уул уурхайн олборлолт явуулж буй орон нутагт ийм лаборатори байгуулсан нь иргэн, ААН-д явдал чирэгдэл учруулахгүй болсныг хүмүүс талархалтай хүлээн авч байна” гэв.

Монголбанкны мэдээгээр нийт тушаасан алтны 60 орчим хувийг хувь хүн, иргэд нийлүүлжээ. ААН-ийн орлогын албан татвартай холбоотойгоор иргэний нэр дээрх алт тушаалт нэмэгдсэн. Учир нь, хуулиараа аж ахуйн нэгжүүд гурван тэрбум төгрөгөөс дээш орлого олбол 25 хувийн татвар төлж байгаа учраас компаниуд ААН-ээр биш иргэнээр дамжуулан алтаа тушаах хувилбар руу ороод байгаагийн илрэл. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн зүйл  зүйл биш. Харин цаашдаа татварын хуульд орсон зөрүүтэй ойлголтыг засч залруулах шаардлагатай байгааг харуулж байна.

Холбоотой сэдвүүд

алт-2 бичил уурхай монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.