Монголбанк нь 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай хуультай болсноор сүүлийн жилүүдэд банк бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд төлбөр тооцооны оролцогч болох боломжтой болжээ. Тухайлбал төрөл бүрийн гар утас, QR код, интернет болон бусад төрөл бүрийн технологийн боломжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргасан юм. 

Монголбанкны хэрэгжүүлж буй “төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд ямар шинэчлэлийн хүрээнд үндэсний ₮ картаа шинэчлэн хөгжүүлэхээр олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж байгаа аж.

Энэ ажил 2019 оны дунд үе гэхэд хэрэгжих бөгөөд үндэсний ₮ карт олон улсын нууцлал аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан чип, зайнаас унших технологитай гарч эхлэх юм байна. Мөн гар утаснаас төлбөр тооцоо хийх технологийг дэмжихийн тулд Монголбанк нь гүйлгээний нууцлал аюулгүй байдлыг баталгаажуулах банкны гүйлгээ баталгаажуулах төв буюу үндэсний токен баталгаажуулагч системийг бий болохоор ажиллаж байна. Ойрын жилд эдгээр систем нэвтэрч, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь бодит хэрэглээ болно гэж Монголбанкнаас мэдээллээ.