Н.Мартбаяр: Жижигхэн үр байхаас нь арчилж ургуулсан учраас модоо яг хүүхэд шигээ хайрладаг

“Миний 17” булангийнхаа шинэхэн дугаарт Монгол улсын зөвлөх инженер Н.Мартбаярыг урьж ярилцлаа. Тэрбээр төрсөн нутаг болох Архангай аймгийн Жаргалант сумандаа 10 гаруй жил мод тарьж, ургуулж байгаа юм. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 



#40 жилийн дараа нутагтаа очоод мод тарихаар шийдсэн… 

Эцэг эх маань Архангай аймгийн Жаргалантад насаараа шахуу амьдарсан хүмүүс байдаг. Би нутгаасаа эрт гарч хотод суурьшсан хүн л дээ. 40 жилийн дараа төрсөн газраа ирэхэд багаас тоглож өссөн булаг шанд маань замагтаа дарагдчихсан, хөөцөлдөж тоглодог байсан ой мод байгалийн шалгарлаар унах нь унаж, ихэнхийг нь тайрчихсан, хэдэн хожуул үлдсэнийг хараад сэтгэл өвдсөн. 

Ингээд ах дүү нараа уриалж ойр орчмыг нь цэвэрлэн, нийт 40 портер хаягдлыг хогийн цэгт аваачиж хаясан. Эхний жил “Айл бүр 5 мод, дийлэнхийг нь манайх тарина шүү” гээд хамаатнуудаараа нийлж 345 мод тарьж байсан юм. Одоо бол жил бүрийн хавар намрыг мод тарих юм сан гэж тэсэн ядан хүлээдэг. Үр хүүхэд, ач зээгээ дагуулж очиж мод тарьсаар одоо төгөл болчихсоныг харах сайхан байдаг.


#Мод яг хүүхэд л гэсэн үг

Би чинь нутагтаа очихоороо гэртээ орохгүй шуудхан л мод руугаа гүйдэг хүн. “За сайн байцгаана уу, хүүхдүүдээ” гэж мэндлээд, яриад явчихна. Үр байхаас нь, 20 см жижиг харандаа байхаас нь эхлээд өсөж томрохыг нь харж байгаа учраас хүүхдүүд шигээ л хайрладаг. 

Мод яг хүүхэдтэй ижилхэн. Арчилж, тордож, усалж, өвөл нь хучиж, зундаа салхи нэвтрүүлэхгүй байхад өнгө зүс орж, хэн хүний нүд баясгам сайхан болдог нь урамтай. Энэ мэдрэмж л илүү олон мод тарьж ургуулах урам зориг өгдөг.


#Эхний 3 жил сайн тордож чадвал цаашид арчлах шаардлагагүй зөнгөөрөө ургадаг

Мод сайхан ургаад, нүд баясгахуйц болж эхлэхээр хажуу айлууд ч өөрсдөө тарих сонирхолтой болдог. “Улаанбаатараас ирэхдээ энэ модноос авчраад өгөөч, манайх чацаргана тарьсан чинь дан эм мод байх шиг байна. Эр чацаргана олоод өгөөч” гэдэг. Би ч чадахаараа авчирч өгнө, зөвлөнө, хамт тарина.

Нэг хүн эхэлбэл, үргэлжлээд олон айл хашаандаа мод тарьж эхэлдэг. Ингээд бага багаар эргэн тойрон ногоорч, байгаль орчин өөрөө амьсгалж эхэлдэг юм. Гол нь эхний гурван жилээ л тэсчих хэрэгтэй. Тэрнээс хойш бол мод өөрөө ургаад, арчлах нь ч бага болдог.

Анх мод тарьж эхлэхэд зарим хүн ойлгодоггүй байлаа. Зарим нь хашааг нь эвдэж малаа оруулна. Тэр бүрд үнэхээр сэтгэл эмтэрдэг. Хүний нойр хоолоо хасаж хийсэн хөдөлмөр шүү дээ. Хэдэн жилийн хүч хөдөлмөр минь нэг шөнийн дотор талаар болох үе ч байсан. 

Харин одоо бол хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлж байна. “Хүүе эгч ээ, танай мод руу мал орчихсон байна, аргачихлаа шүү. Та хаалгыг нь сайн бэхлээрэй” гэж хэлдэг, санаа тавьдаг болсон. Энэ л хамгийн сайхан мэдрэмж. Хүмүүс ойлгодог болж байна гэдэг чинь мод тарих, ургуулахын үнэ цэнийг мэдэрч эхэлж байгаа хэрэг.


#Тэтгэвэртээ гарчихвал хүүхдүүдэд мод суулгаж, ургуулахыг заах юм сан гэж мөрөөддөг

Би нэг мөрөөдөлтэй. Тэтгэвэртээ гарчихвал хүүхдүүдэд мод тарьж ургуулахыг зааж өгдөг багш болмоор байгаа. Хамтдаа үр суулгаж, хөрс ухаж, модоо усалж, ургуулдаг тийм л ажил хиймээр санагддаг. Хүүхдүүд “энэ миний тарьсан мод шүү” гээд хайрлаад, байгаль эхээ хамгаалаад сурчихвал тэр мэдрэмж насан туршид нь үлдэнэ. Ирээдүйд миний сургасан хүүхдүүд байгалиа таньж мэддэг, модыг хайрлаж ургуулдаг, хамгаалдаг хүмүүс болно гэж итгэдэг. Тийм учраас багш болно гэдэг минь нэг насны мөрөөдөл л дөө.

Манай суманд Монголын хамгийн ховор шувууд байдаг. Тийм болохоор үр жимсээ өгдөг мод таривал шувууд ч ирээд амьдарчихна, байгаль ч сэргэнэ. 

Сүүлийн жилүүдэд говьд ургадаг тэс, тэсмэг, үрэл, голт бор, агч, улаан сухай, улаан яргай зэрэг ховор моддыг авчирч хангайд нутагшуулахыг зорьж байгаа. Хашаандаа ургуулж дасгаж байгаад дараа нь голын эрэг дагуу шилжүүлж суулгадаг. Ингэж бага багаар тарьсаар байгаад одоо төгөл болчихсон.


#Жижигхэн хашаатай гэж гололгүй, цаг алдалгүй мод тариарай

Хүмүүс "Хашаа маань жижигхэн шүү дээ" гэж голох нь бий. Гэхдээ газар хэзээ ч жижигддэггүй. 400–500 модыг үрээр тарьж, 1000 орчим модыг тайрдсаар хоёр жилийн турш ургуулчхаад голын эрэг рүү шилжүүлж суулгаж байлаа. Ингээд бодохоор газрыг ашиглаж чадвал олон мод ургуулах боломжтой байдаг.

Зарим хүн "Энэ мод ургах болов уу, удаан шүү дээ" гэдэг. Дээр хэлсэнчлэн 3 жил л гүрийчихвэл мод мөчирлөөд саглагар ургачихдаг. Тэр үед хүмүүс “Ийм гоё болчихдог юм уу? Хаа байсан юм гэж бодож байлаа" гэдэг. Гэхдээ тийм биш ээ. Өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш. 

Мод ургуулахын тулд заавал мундаг мэргэжилтэн байх шаардлагагүй. Хамгийн гол нь сэтгэл. Усалгаа, арчилгаагаа хийж чадвал ямар ч мод ургана. Хамгийн сайхан нь ургасан модоо хараад өөрөөрөө бахархах мэдрэмж. “Ийм гоё болчих гэж” гэж бодох бүртээ урам авч, сэтгэлээ тайтгаруулдаг. Тиймээс эргэлзэж, цаг алдалгүй яг одооноос мод тарьж эхлээрэй.

Холбоотой сэдвүүд

мод мод_тарья

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.