Б.Баясгалан
11 сарын 21, 2018
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар дөнгөж сая ЖДҮ-ийг хөгжүүлэх санг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энболдод өргөн барилаа. Энэ талаараа мэдээлэл хийв.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын зарим гишүүд албан тушаалаа урвуулж болон хэтрүүлэн ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан хэрэгт холбогдсон. Гэтэл энэ асуудлыг Сангийн яам шалгаж буй нь илтэд ашиг сонирхолын зөрчилтэй гэж бид үзэж байна. Хулгайч хулгайчаа шалгадаггүй гэж Монголчууд ярьдаг. Тэгэхээр энэ хулгайчдыг шалгах УИХ-ын Түр хороог байгуулах саналыг бид гаргалаа.
ЖДҮ-ийн асуудалтай холбоотойгоор нийгмийн бухимдал их байна. Шударга ёс, үнэн бодит зөв мэдээллийг иргэд шаардаж байна. Уг хэргийг шалгаж буй байгууллагуудыг дарамтлах, мэдээллийг нуун дарагдуулах үйл ажиллагаа явагдаж байна. УИХ дахь МАН-ын зарим гишүүн, дээрээс нь Ардчилсан намын гишүүд хамтарсан Шалгах түр хороог байгуулж болохоор байна.
Тэгэхээр зөвхөн нэг намын төлөөлөл энэ Түр хороонд оролцохгүй гэсэн үг. УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Түр хороо аливаа хэргийг хянаж шалгах эрхтэй байдаг" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.