2018 оны Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслол даваа гарагт буюу өнөөдөр Норвегийн нийслэл Осло хотод болно гэж Нобелийн сангийн хэвлэлийн алба мэдээлжээ. Уг шагналыг энэ жил Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн иргэн Надя Мурад нар хүртсэн билээ.

Энэ шагналыг Стокгольмд бус харин Осло хотод гардуулахыг Альфред Нобель гэрээслэн үлдээжээ. Норвегийн Нобелийн хороо шагналын эзнийг өнгөрсөн 10 дугаар сард танилцуулж, бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болон зэвсэгт мөргөлдөөний хувиар ашиглахыг зогсооход гаргасан хүчин чармайлтых нь төлөө олгосон болохыг мэдэгдсэн билээ.

Надя Мурад бол Иракийн хойд нутгийн оршин суугч бөгөөд террорист “Лалын улс” бүлэглэлийн бэлгийн боолчлолд өртсөн 3000 езид охид, эмэгтэйчүүдийн нэг юм. Надя одоо дайны бэлгийн хүчирхийллийн хохирогчдод олны анхаарлыг хандуулах зорилгоор олон нийтийн ажил хийдэг байна. Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодруулсны дараа тэрбээр шагналын мөнгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах ажилд зориулна гэж мэдэгджээ.

Конго улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге нь 1990-ээд оны сүүлээр бүс нутагт болсон дайны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон мянган охид эмэгтэйчүүд эмчлүүлсэн эмнэлгийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр мөн хүрээлэн буй орчин болон хүний эрхийг хамгаалах салбарт хийсэн ажлынх нь төлөө олгодог “Right Livelihood Award” шагналыг 2013 онд  хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслолын өмнө Шведийн “Dagens nyheter” сонинд ярилцлага өгөхдөө Муквеге дайны хохирогчид болох гурав дахь үеийг эмчлэх ёстой гэдгийг ойлгож эхэлсэн үеэс хойш дайны золиос болсон хүмүүст олны анхаарлыг хандуулах ажлыг хийж эхэлснээ ярьжээ.

Нобелийн шагнал гардуулах ёслол уг шагналыг үндэслэгч Альфред Нобелийн /1883-1896/ таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-наас болдог уламжлалтай. Нобелийн өдрүүд уламжлал ёсоор Осло хотоос эхэлж, Стокгольмд биологи-анагаах ухаан, физик, хими болон эдийн засгийн салбарын шагнал гардуулах ёслолоор үргэлжилдэг. Энэ жил Шведийн академид хямрал гарсан учраас Утга зохиолын салбарт Нобелийн шагналыг олгоогүй байна. Уг шагналыг 2019 онд гардуулахаар хойшлуулжээ.

Нобелийн шагналыг төрөл тус бүрд 9 сая швед кроны /1 сая ам.доллар/ мөнгөн шагнал дагалдана.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti