Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилын талаар хуваалцдаг “Уурлах уу, учирлах уу” булангийнхаа ээлжит дугаарт жүжигчин, продюсер Н.Оргилыг урьж ярилцлаа. Тэрбээр хүүхэд хүмүүжлийн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.


Хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа нь өөрийнх нь хүмүүжилтэй холбоотой

Хэд хоногийн өмнө олон нийтийн газар бяцхан охиныг загнаж уйлуулж байгаа эмэгтэйг харсан юм. Эмээ нь бололтой тэр хүн 2-3 насхан настай тэр бяцхан охиныг сэтгэлийнх нь гүнд нь ортол гомдоосон нь илт. Хараад сэтгэл маш их өвдсөн.

Өвөө эмээ нь, аав ээж нь ч байсан хүүхэдтэйгээ ингэж муухай харилцаж болохгүй шүү дээ. 

Сүүлд харсан жишээг дурдахад ийм  байна. Харамсалтай нь манай монголчууд хүүхдээ загнаж зандардаг, зоддог хүмүүжлийн сөрөг арга барилаасаа салаагүй байна. Энэ бол өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, боловсролтой шууд холбоотой. 

Томчууд уураа гаргаад л өнгөрдөг гэвч цаана нь хүүхдэд ямар сэтгэлийн шарх үлдээж байгаагаа ойлгож, төсөөлж чаддаг болов уу. Би мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн биш хэдий ч өөрийнхөө баримталдаг хүүхэд хүмүүжлийн арга барилаасаа хуваалцъя гэж бодсон юм.  Бид асуудлыг хараад, сонсоод л өнгөрдөг биш шийдэл ярьдаг, санал бодлоо хуваалцдаг байж л урагшилна шүү дээ.


#Нөхцөл байдлыг маш тайвнаар хүлээж аваарай

Өнөөдөр нийгэм нийтээрээ асар стресстэй амьдарч байгаа нь үнэн. Амьдарч буй орчин тойрноос эхлээд санхүү мөнгө, түгжрэл гээд бухимдах шалтгаан ч олон. Гэхдээ энэ бүх стрессээ хүүхдэдээ гаргаад байвал юу болох вэ. Иймээс гэр бүлд ямар ч асуудал үүссэн байлаа ч маш тайвнаар хүлээн авч шийдэх арга замыг хайх хэрэгтэй. 

Жишээ нь хүүхдүүд бага насандаа сахилгагүйтэж, тоглож л байдаг. Ялангуяа 2-4 нас бол хүүхдийн маш хөдөлгөөнтэй үе шүү дээ. Хэт хөдөлгөөнтөх синдром  гэсэн ойлголт хүртэл байдаг юм билээ. 

Жишээ нь Америкт явж байхдаа тэндэхийн хүүхдүүд олон нийтийн газар явж байгаад гэнэт уйлж орилж, дураараа аашлахыг зөндөө харсан. Тэглээ гээд аав ээж нь стресстэхгүй, эвтэйхэн аргалаад л хүүхэдтэйгээ ойлголцож байгаа харагддаг. 

Аав ээжүүд хүүхдийнхээ зан төлөвийн онцлогийг ойлгож чадаж байна уу, тэр бүрд нь тохирсон хүмүүжлийн эерэг арга байна уу гэдгээ мэдэж, суралцаж байх нь чухал. 


#Нээлттэй ярилцдаг байгаарай

Би хүүхдүүдтэйгээ маш нээлттэй ярилцахыг хичээдэг. Ярилцахад бас учир бий. Бид ихэнхдээ өөрсдийнхөө мэдлэг боловсрол, жаргал зовлонгийн түвшинд хүүхэдтэйгээ ярилцаж зааварлах гээд байдаг. Энэ нь буруу арга юм билээ. 

Аль болох хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тааруулж, өөрсдийнх нь сонирхож байгаа сэдвээр яриа үүсгэвэл хүүхэд тоглоомоо, найзаа ярина, хаана юу харснаа, мэдэрснээ яриад өөрийн ертөнцөө дэлгэж эхэлдэг. Энэ зарчмыг ойлгосон ухаантай аав ээжүүд хүүхдээ яриулаад, ойлголцоод сурчихсан байдаг юм билээ.


#Санаагаа зөвөөр ойлгуулаарай

Хүүхдийнхээ яриаг сонсоод өөрөө ч мэдэлгүй шоолж, дооглох хандлага гаргадаг аав ээжүүд бий. “Ийм ойлгомжтой зүйл дээр ингэхгүй яасан юм” гээд шүүмжлээд байвал хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадахгүй шүү дээ. Ойлгуулах гэж байгаа санаагаа тулгаж биш учирлаж хэлээрэй. 

Миний хувьд ингэж харилцдаг учраас гурван хүүхэд маань харьцангуй нээлттэй бие хүн болоод  төлөвшиж байна уу даа гэж хардаг. 


#Асуудал тулгарсан бол мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аваарай

“Би хүүхдийнхээ учрыг олохоо байчихлаа” гэж ярихыг эргэн тойрноосоо зөндөө сонсож байлаа. 

Энэ бол хүүхэд хүмүүжлийн арга барил нь асуудалтай байгаатай холбоотой. Тиймээс залуу эцэг эхчүүддээ шийдэж чадахгүй асуудал гарвал мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандаарай гэж зөвлөе.

Ойлголцохгүй байна гэдэг таны сэтгэл зүйн асуудлынх ч байж болно. Тиймээс эхлээд өөртэйгөө ажиллах зориг, сэтгэлийн тэнхээ гаргах хэрэгтэй. Үүнийхээ дараа хүүхдийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан нь үр дүнтэй арга гэж би боддог.