Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 10, 2023
Гэр бүл, хүүхэд хүмүүжлийн асуудлыг хөнддөг, арга ухааныг зөвлөдөг “Уурлах уу, учирлах уу” булангийн маань энэ удаагийн зочин бол жүжигчин А.Ганчимэг юм. Бид энэ удаа түүнтэй хүүхдээ хүмүүжүүлэх арга барилынх нь талаар ярилцлаа.
Эрхлэлдэнгээ ярилцах нь илүү үр дүнтэй
Би охиноо эрхлүүлэх дуртай. Өөрөө ч бас охиндоо эрхэлчихдэг. /инээв/ Охин руугаа хошуугаа унжуулаад харахаар “Яасан бэ, ээжээ” гээд л шулганаад хүрээд ирнэ. Харахад охиндоо эрхэлж байгаа юм шиг боловч миний охинд ээжийгээ хайрлаж, хамгаалж байна гэсэн мэдрэмжийг өгдөг юм шиг санагддаг.
“Хамар чинь хаана байна, хацар чинь хаана байна, нүд нь хаана байна” гэж эрхлэх зуураа ярилцахад хүүхэд тайвширсан, анхаарал нь төвлөрсөн байдаг.
Жишээ нь энэ үеэр “Нээрээ чи тэр үед тийм зүйл хийсэн байна лээ шүү, дахиж тэгж болохгүй” гээд ярихаар төвлөрч сонсдог нь анзаарагддаг. Хүүхэд гэнэн цагаахан шүү дээ. Тэр тухайгаа, яагаад өөрийн зөв бас буруугаа ар араас нь яриад л эхэлдэг.
Миний бодлоор зандарч, тушаангуй хэлбэрээр хүүхэдтэй харилцах нь хүмүүжлийн хамгийн буруу арга барил гэж боддог.
"Би чамд үг хэлж байна шүү, чи заавал ингэх ёстой” гэсэн хатуу байр сууринаас биш найз нь юм шиг дотно байхыг хичээдэг.
Бичлэг үзэх:
Хүүхэд байснаа бүү мартаарай
Бид хүүхдээ бага балчир байна, юм ойлгохгүй гэж боддог. Зарим зүйлийг ярилцаж тайлбарлахаас ч төвөгшөөдөг, эсвэл бүр алгасчихдаг ч тал бий.
Гэхдээ хүүхэд байна гэдэг юм ойлгохгүй гэсэн үг биш шүү дээ. Тэд маань хэдий балчир ч гэсэн өөрсдийн гэсэн үзэл бодолтой, оюун сэтгэлгээ нь ид хөгжих насандаа яваа.
Тийм болохоор хүүхдээ бие хүн гэдгийг ойлгож, хүндэлж харилцах ёстой гэж боддог. Тиймээс ярилцахаас хойш тавих хэрэгггүй. Хэрвээ ойлгохгүй зүйл гарвал хүүхэд өөрөө лавлаад асууна. Тэр үед нь ч төвөгшөөлгүй учирлаарай.
Ээж аавууд бид өөрсдөө ч хүүхэд байснаа мартчихдаг юм шиг байгаа юм. Бид бүгдээрээ л сахилгагүйтдэг, хааяа хэрэг тарьдаг, эцэг эхийнхээ үгээс зөрүүдэлдэг байсан. Тийм учраас л хүүхдээ алдаа гаргангуут л “Чи яахаараа ингэдэг байна” гэж гайхаж, зэмлэж асуудаг.
Уурлах уу, учирлах уу гэдэг сонголттой нүүр тулсан энэ мөчид л ухаалаг байхыг хичээдэг. Дийлэнх хүүхдээ зэмлэчхээд дараа нь харамсдаг. Яг үүнтэй ижил хүүхдүүд маань ч буруу зүйл хийчхээд гэмшиж шаналж яваа. Ийм нөхцөлд “Нээрээ л хүүхэд ийм байдаг. Хүүхдийн зан юм даа, би л сайн ойлгуулах нь чухал” гэж өөртөө хэлж, сануулж байх ёстой юм шиг санагддаг.
Өөрийгөө илэрхийлэх чадварыг гэр бүлээсээ суралцдаг
Миний туршлагаас харахад ойр тойрных нь хүмүүс хүүхдийг анхаарч сонсож, ярилцах тусам өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг юм шиг санагддаг.
Ямар нэг шинэ зүйл олж мэднэ гэдэг хүүхдийн хувьд сонирхолтой зүйл шүү дээ. Энэ үед нь “Нээрээ тийм юм байна шүү, чи юу гэж бодож байна” гээд л ар араас нь асуулт асуухаар урамшдаг. “Дараа бүр сонирхолтой зүйл олж мэдээд хуваалцая, бодож байгаагаа илэрхийлэх нь зөв юм байна” гэсэн ойлголтыг хүүхдэд суулгаж байдаг.
Ийм мэдрэмж авсан хүүхэд сургууль дээрээ, олон хүн цугласан газар, өөр хаа нэгтээ өөрийн үзэл бодлоо хэлэхээс ичиж санаа зовдоггүй. Тэр хэрээрээ өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж нийгмийн харилцааны чадвартай хүн болж төлөвшинө гэж бодож охиноо хүмүүжүүлдэг.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.