“Насан туршдаа эзэмшихүй” номоос онцлох 10 санаа

Б.Баясгалан
01 сарын 04, 2022

Таамаглахын аргагүй өөрчлөлтийн өмнөх ирээдүй бидний үр хүүхдийг хүлээж байна. Огт мэдэхгүй, төсөөлөхөд ч бэрх ирээдүйд та үр хүүхдээ хэрхэн бэлдэж байна вэ? Яаж өөрчлөгдсөн ч чадамжаар хэмжигдэж, боломжийн үүд хаалга нээгдэх дэлхийд эцэг эхчүүдийн хийж чадах зүйл бол үр хүүхдээ бэлтгэх юм. 

Уг номын зохиогч нь дөрвөн хүүхдийн аав Б.Одсүрэн. Тэрбээр Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номыг 2018 онд орчуулж, олны хүртээл болгож байжээ.

Ингээд тус номын онцлох 10 санааг хүргэж байна.


1.Хүний амьдралын гол суурь буюу хүүхдийн 2000 хоногийн хөгжлийг хэзээ ч бүү орхигдуул

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ адилхан зүйл гэвэл 5 хүртэлх насны хөгжил юм.Энэ хугацаанд тухайн хүүхдийн оюун сэтгэлгээ, биеийн хөгжил, харилцааны болон сэтгэл хөдлөлийн чадвар нь идэвхтэй хөгждөг. Хөгжил нь хүүхэд цаашдын амьдралдаа эрүүл чийрэг, боловсролтой хүн болох эсэхийг нь шийднэ. Бас сэтгэл хөдлөлийн хандлага нь тодорхойлогддог байна. 

Иймээс тав хүртэлх насны хүүхдийн боловсрол насанд туршид нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг.

2. Хүүхдийн зан авир эцэг эхийнх араншинг илэрхийлдэг

Баумриндын онолоор эцэг эхийн хүмүүжүүлэх арга хэлбэрээс хүүхдийн зан авир, хүмүүжил төлөвшилт шууд хамааралтай. Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил ямар байхаас хүүхдийн ирээдүйн амьдрал шууд өөрчлөгддөг байна. Тухайлбал энэрэнгүй хүмүүжлээр өсөж төлөвшсөн хүүхдүүд ихэвчлэн сэтгэл хөдлөлөө таньж, удирдаж сурсан байх бөгөөд харилцааны ур чадварыг эзэмшсэн, бие даасан зан төлөвтэй. 

Мөн академик амжилт гаргахад саад бэрхшээл төдийлөн учирдаггүй. 

Айлган сүрдүүлж шийтгэх аргаас зайлсхийдэг энэ аргыг боловсролтой болон дундаж давхаргын гэр бүл түлхүү ашигладаг байна. Сэтгэл зүйн хувьд эрүүл учраас барагтай бол сэтгэл гутралд ордоггүй, мансууруулах бодис, согтууруулах ундаанд донтох нь маш ховор.


3. Захиргаадагч эцэг эхчүүдийн хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэгч эсвэл ямар нэгэн зүйлд хэт донтох магадлалтай

Зарим эцэг эхчүүд хүүхдээ хатуу гараар өсгөхийг зөв гэж боддог. Энэхүү хүмүүжлийн арга хэлбэрийг хориглон шийтгэх арга барил гэдэг. Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдэдээ маш хатуу ханддаг, шийтгэл нь бие сэтгэлзүйн хүчирхийлэл болж хувирдаг. Зааж зөвлөхдөө учир дутагдалтай. Иймээс хүүхэд нь яагаад шийтгүүлснээ мэддэггүй. Хүүхдийнхээ хүсэл хэрэгцээг үл тоон, үгийг нь сонсдоггүй, хайр халамжаар дутаана. Өндөр шаардлага тавьдаг гэдэг нь хүүхдээсээ цаг ямагт амжилт гаргахыг нэхдэг, хатуу шалгуур тавьж хандан, хүсэл эрмэлзлийг үл тоогсод юм. Тиймээс “Дарангуйлагч эцэг эх” гэж нэрлэх нь бий. 

Захиргаадан хүмүүжүүлдэг эцэг эх нь өөрсдөө л бүх шийдвэрийг гаргадаг, хүүхдийнхээ үзэл бодлыг үл тоох хандлагатай. 

Тэд хүүхдийнхээ амжилт, ололтыг үл хайхардаг хэрнээ бүтэлгүйтэлд нь хатуу шийтгэл оногдуулдаг. Юу ч болсон өөрсдийнхөө дүрэм журмыг дагахыг шаарддаг. Үр дүнд нь тэдний хүмүүжүүлсэн хүүхдүүд өөрийнхөө дотоод мөн чанараа нээн илрүүлж чаддаггүй, сэтгэлгээ нь хайрцаглагддаг. Харамсалтай энэ төрлийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэгч эсвэл ямар нэгэн зүйлд хэт донтох магадлалтай.


4.Хүүхдээ хайраар бүү дутаа

Хайрлуулж өссөн хүүхэд өөртөө итгэх итгэлтэй, урам зоригтой хүн болж төлөвшдөг. Тэр хэрээрээ хүүхэд халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрнэ. Эерэг сэтгэл хөдлөлийн харилцаа нь бусдын оронд өөрийгөө тавьж үздэг зан чанарыг суулгаж, хүсэл тэмүүлэлтэй, зөв бурууг ялган чиглүүлдэг байна. Харилцаа сэтгэл хөдлөлийн хөгжил нь хүүхдийн цаашдын сайн сайханд амьдралд чухал нөлөөтэй.


5. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгсийг зааж, сурга

Томчууд бид ч “Тэр үед яагаад тэгтлээ гуниглав”, “Ойрын үед яагаад сэтгэлээр унаад байна вэ” гэх мэтээр боддог шүү дээ. Энэ бол сэтгэл хөдлөлийн талаарх эргэцүүлэл юм. Харин “Би тэр хүний хэлсэн үгийг хэтэрхий ургуулан бодоод хямарчээ” гэж бодсон оюуны дүгнэлт нь сэтгэл хөдлөлөө таньж байгаагийн шинж юм. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг эргэцүүлнэ гэдэг хүүхдийнхээ зан авир, сэтгэл хөдлөлийг дүрсэлж ойлгуулж байгаа хэлбэр юм. Үүнийг ойлгож мэдсэн хүүхэд хүүхэд багаасаа сэтгэл хөдлөлөө ойлгож, хянаж удирдаж сурна гэсэн үг. 

Сэтгэл хөдлөлөө эргэцүүлнэ гэдэг юунд бухимдаж байгаагаа, юунд баярладаг гэдгээ мэдэхийн нэр. Өөрөө өөрийнхөө дотоод зөрчлийн гол түлхүүрийг олж харах арга ч гэж болно. 

Ингэж бодож эргэцүүлдэг хүн аливаа асуудлаас хэрхэн гарах аргаа амархан олдог. Эргэцүүлж сураагүй хүн өөрөө өөртэйгөө үргэлж зөрчилдөж, бухимдах нь хэвийн үзэгдэл. Иймээс та хүүхдэдээ сэтгэл хөдлөлийг хэрхэн эргэцүүлж, тунгаан бодох талаар тайлбарлан таниулж, холбогдох үг, нэршлийг зааж өгөөрэй. Ингэснээр хүүхэд мэдрэмжээ ярих нь хэвийн зүйл гэдгийг ойлгоно. /Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх зөвлөмжүүдийг энэхүү номоыг уншиж ашиглаж болно/


6.Хүүхэдтэйгээ тоглох цагийг өдөрт хамгийн багадаа 5-10 минут байхаар төлөвлөөрэй. 

Тоглох цагийг 5 минутаар эхлэх нь тохиромжтой. Хүүхдийг магтан, дуурайж, идэвхтэй сонсож эхэлснээр, тэд илүү их эрч хүчтэйгээр төвлөрөн тоглодог. Эдгээр чадварыг 5-аас их минутад ашиглах амаргүй. Хүүхэдтэйгээ тоглох цагаа ихэсгэснээр эцэг эхийн чадвар ч мөн нэмэгдэнэ. Учир нь бид л хүүхдэдээ сургаж байдаг юм биш, тэднээс суралцах зүйлс олон бий. Жишээ нь унтахын өмнө ном унших, дуртай хүүхэлдэйн киног нь үзэхдээ тэврэх зэрэгт сэтгэл ханамж авч зарим зүйлийг өөрөөр хардаг. Тоглох цагаа тогтмолжуулах: Хүүхэдтэйгээ тоглох тогтсон цагийг гаргаж, тусгайлан төлөвлөх хэрэгтэй. 

Хүүхэд эцэг эхтэйгээ хөгжилдөж, өөр зүйлд сатаарахгүй байх цагийг сонгоорой. Хэдийгээр таны хүүхдэд таагүй өдөр болж өнгөрсөн ч тоглох цагаа бүү хойшлуул. 

Энэ нь хүүхэд магтаал, анхаарал халамж авах хэрэгцээг хангах, түүнд хайртай гэдгээ илэрхийлэх чухал цаг билээ. Хүүхдээр тоглоомын цагийг удирдуул. Бага насны хүүхдэд томчууд өдөржин юу хийхийг нь заадаггүй гэж үү. Тэдэнд өөрсдийн мэдлийн цөөн цаг, боломж байдаг. Өдөрт чухам юу хийхээ шийдэх тусгай цагтай болсноор өмнөхөөсөө ч илүү бие даасан, өөртөө итгэлтэй болно. 


7. Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх энгийн алхам бол “Гэрийн дүрэм”-тэй болоорой

Эхлээд дүрэм гэж юу вэ гэдгийг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан маш сайн тайлбарлаж өгөөрэй. Дүрэм бол хамгийн энгийнээр болно, болохгүйн хэм, хэмжээ билээ. Өөрсдийн дүрэм журам гаргах нь гэр бүлийн амьдралыг илүү зохион байгуулалттай болгодог. Гэр бүлийн дүрэм нь тодорхой, ил тод байж хүүхэд чухам ямар үүрэгтэйг тодорхойлно.

Дүрэм журам нь мөн л тууштай, урьдчилан таамаглахуйц, дагаж мөрддөг байж үр дүн гарна. Урьдчилан мэдэх боломжийг олгох гэдэг нь хүүхэд болох гэж буй үйл явдлыг мэдэх, таних, түүнд эцэг эхийн үзүүлэх хариу үйлдлийг таамаглах юм.Хүүхэд дүрэм зөрчсөн үед эцэг эх үзүүлэх хариу үйлдлээ ижил байлгах ёстой. Энэ нь сайн зүйл хийхэд сайшааж, алдаа гарвал ахин шинээр эхлүүлж, тууштай байлгах чанар билээ.

Гэр бүлийн дүрэм журмыг үр дүнтэй байлгахын тулд заавал анхаарах ёстой зүйл нь тэрхүү дүрмээ томчууд бид өөрсдөө ч мөрдөх ёстой.

Хэрвээ зөрчөөд эхэлбэл хүүхдүүд бас л дуурайна. Хүүхдээ дэлгэцээс хамааралгүй болгох зорилгоор тусгай цаг гаргасан хэрнээ эцэг эх нь өөрөө гар утсаа оролдож, бичлэг үзээд сууж болохгүй. Тийм учраас дүрэм журмыг гэр бүлийн бүх хүн дагаж, үлгэрлэн дуурайдаг байх ёстой юм.


8.Дэлгэцийн хэрэглээг багасгахгүй бол хүүхдийн хөгжил саатна

Гурваас доош насны хүүхдийн хөгжил маш хурдтай явагдаж байдаг. Энэ бол орчноо таньж, судалж, насанд хүрэгчдийг ажиглаж, тэднээс суралцах хамгийн чухал үе. Тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагдаж байгаа энэ үед гар утас зурагтын урд олон цагийг өнгөрүүлэх нь бага насны хүүхдийг идэвхгүй байдал, хэл ярианы хоцрогдол, анхаарал төвлөрөлтийн сулралд хүргэдэг зүйл нь зурагт юм. Хүүхэд хоёр нас хүртлээ контэнтыг бараг л ойлгодоггүй аж. 

Америкийн Хүүхдийн өвчин судлалын төвөөс 18-24 сартайгаас бага насны хүүхдэд видео дуудлага хийхээс бусад үед дэлгэцийн хэрэглээг шууд хорих хэрэгтэй гэжээ. Хэдийгээр хоёроос дээш насны хүүхэд гар утас, зурагт үзэж үзэж болох ч, хугацааг хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. 


9.Эцэг эх та уурлаж биш үлгэрлэж харуул

Хүүхэд хүмүүжил төлөвшилтийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөгөөр бий болдог нь судалгаагаар тогтоогдсон билээ. Хэрвээ эрэгтэй хүүхдэд багаас нь амжилт, аз жаргал бол “зузаан хэтэвч, ширүүн нударга” гэж ойлгуулж өсгөвөл яг л ийм үзэл хандлагыг өвлөнө. Эсрэгээрээ аз жаргалыг өгөх ухаан, хүндлэл, хайр гэдгийг харж, мэдэрч өссөн хүүхэд эерэг үзэл хандлагатай хүн болж төлөвшдөг. Учир нь хүүхэд орчныхоо тусгалынхаа нөлөөгөөр өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл хандлагаа олдог. 

Бага насанд үзэж харсан, туулсан, ойлгосон бүхий л зүйл насан туршид үлддэг. 

Тэр нь сайн муу ямар нэгэн хэлбэрээр заавал ул мөрөө үлдээдэг жамтай. Таны анзаардаггүй зүйлс ч хүүхдийн зан төлөвийг өөрчилж болно. Тухайлбал эцэг эх нь цөөнгүй удаа хэн нэгэнд, гудамжинд гуйлга гуйж буй хүнд бага хэмжээний мөнгө өгөхийг харсан хүүхэд хүүхэд өгөөмөр болох магадлалтай.


10. Үр дагаврыг ойлгуулах арга

Хүүхэд үгэнд орохгүй, заавар чиглэл дагахгүй байвал үр дагаврыг үргэлж хэлж өгөх хэрэгтэй. Үр дагавар нь эерэг эсвэл сөрөг байж болно. Эерэг үр дагавар нь хүүхдийнхээ хийсэн зүйлд, үйлдэлд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэх, илэрхийлэх юм. Үүнд, сайшаал, магтаал, тэврэлт зэрэг багтана. 

Сөрөг үр дагавар гэдэг нь хүүхдийнхээ үйлдэл, зан авирт нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх юм.

Сөрөг үр дагаврын жишээ нь эрх ямбыг нь хасах, хойшлуулах юм. Хүүхэд заавар чиглэл дагахгүй байвал, түүнд анхааруулга өгч, дагаагүй үед юу болохыг хэлэх хэрэгтэй. Тухайлбал тоглоомоо хураахгүй бол, маргааш тоглохгүй гэдгийг ойлгуулна. Ингэж хэлээд ч зааврыг дагахгүй байвал, үр дагаврыг нь мэдрүүлнэ. Жишээлбэл, тоглоомын хайрцгийг нь түгжих арга бий. Хэрвээ заавар чиглэл улам сайжирч, хүүхэд дагасаар байвал, анхааруулгаа багасгаарай. Заавар чиглэл өгч байгаа нь хүүхдийг хариуцлагажуулах арга болохоос залхаан цээрлүүлэлт биш. Хэт олон давтаж, үглэснээр хүүхдэд заавар чиглэл сонсмогцоо зугтаана. Буруу, муу зан авир, үйлдлийг зогсооход үр дагаврыг ашиглах алхмууд дээрх номд багтсан болно

Холбоотой сэдвүүд

гэрбүл хүүхэдхүмүүжил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.