Т.Цэнд-Аюуш: Аавуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна

“Уурлах уу, учирлах уу” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Аавуудын групп”-ийн админ Т.Цэнд-Аюушийг урилаа. 2017 онд байгуулагдсан тус фэйсбүүк групп өдгөө 120 мянга орчим гишүүнтэй, нийгэмд эерэг нөлөөллийг түгээдэг гэдгээрээ нийгэмд танигдаад буй. Бид энэ удаа хүүхдийн хүмүүжилд эцэг хүн үзүүлэх хүний нөлөө болон тус фэйсбүүк группээс өрнүүлсэн зарим нэгэн ажлыг онцлон ярилцлаа. 

-“Аавуудын групп”-ийг байгуулах болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэе? 

-”Аавуудын групп” гэхээр энэ түүхээ ярих их дуртай. 

Таван жилийн өмнө Засгийн газраас хүчирхийллийн эсрэг аян зарласан юм. Аяны хүрээнд УИХ-ын гишүүд тус тусын тойрогтоо сургагч багш нарыг урьж сургалт зохион байгууллаа.

Би төвийн аймгуудад очиж лекц уншсан юм. Тэр үед “Нийгэм яагаад ийм харанхуй болчихсон юм бэ? Яагаад хүчирхийлэл, гэмт хэрэг ярихаар аав гэдэг хүн яригддаг болов? гэсэн асуултыг цээжиндээ тээж ирсэн. Харамсах, халаглах сэтгэл ч төрсөн.

Төсөл дуусаад гэртээ ирсэн ч санаанаас гардаггүй ээ.

Бичлэг үзэх:


Тэр өдрөөс хойш тун удалгүй “Ээж эмэгтэйчүүд нийлж цэцэрлэгийн өргөтгөл барилаа” гэдэг мэдээг олж уншсан юм. Нэгнээ танихгүй ч гэсэн нэгдэж ийм том зүйлийг хийж чадсан байна шүү дээ, ээжүүдээрээ үнэхээр их бахархсан.

Бас хажуугаар нь “Манай аав нар хаана байна. Бид яагаад чадахгүй гэж” бодлоо. Ингээд аав нарын групп байдаг бол нэгдье гээд хайсан л даа. Тухайн үед аавуудын нэгдэл байгаагүй учраас “Нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аавууд” гэсэн уриатайгаар “Аавуудын групп”-ийг нээж байлаа. Одоогоор 120 мянга орчим гишүүнтэй дандаа аав нар байдгаараа онцлог.


-Аавууд голдуу ямар пост оруулдаг бол? 

-Фэйсбүүк дэх өөр нэг ертөнц “Аавуудын групп”-д өрнөж байдаг юм.

Зам дээр түгжирч, бухимдаж байгаад гэртээ орж ирээд хүүхдүүдээ хараад тайвширдаг шүү дээ. Яг үүн шиг цахим дахь сөрөг мэдээнээс гараад групп рүүгээ ороход дандаа эерэг мэдээлэл угтдаг.

Жишээ нь охинтой боллоо, хүүтэй боллоо, ийм ажил амжууллаа гээд дандаа эерэг мэдээлэл дүүрэн. Асуудлаа бичсэн нэгэндээ чадахаараа тусална, зөвлөнө. 

Тэр хэрээрээ тайвшруулж эерэг нөлөө өгч байдаг юм. 


-Бас багагүй цаг авдаг ажил байх, урам өгдөг зүйлээсээ дурдахгүй юу?

-Яагаад ажил амьдрал, гэр бүлдээ зарцуулах цагаасаа хугаслан “Аавуудын групп”-ийн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм бэ гэж зарим хүн асуудаг юм. Үнэндээ манай группын ачаар нийгэмд аавуудын үнэлэмж өсөж байгаа гэдэгт итгэдэг. 

Дөрвөн жилийн өмнө Замын цагдаагийн газраас зохион байгуулсан аяны нээлтэд оролцож, үг хэлсэн юм л даа. Тэр үеэр нэг ах над руу чиглээд л ирлээ шүү. Манай группын зурагтай подволкыг өмсчихсөн болохоор хараад л группын аав байна гэж танилаа. 

Над дээр хүрч ирээд “Манай админ байна шүү дээ. Ах нь чамд их баярлалаа” гэлээ. “Яагаад вэ ах” гэсэн чинь “Ах нь 20 жил тамхи татахдаа ингэж хүнээс ичиж, нуугдаж тамхи татаж үзсэнгүй. 

Би “Нийгмийн сайн сайхны эхлэл нь аавууд” гэсэн бичигтэй хувцас өмсчихөөд нүдэнд ил тамхи татах юм бэ. Сая булан тойрч нуугдаж татчихаад ирлээ. Одоо би тамхинаас гарна” гээд тэр ах тамхинаас гарч чадсан байдаг юм. 

Энэ мэтчилэн олон сайхан эерэг жишээ байгаа. Групп нэг хүрээлэл бий болгочихсон болохоор тэр юм уу энэ өөрчлөлт нь илүү хүчтэй мэдрэгддэг юм. 

Та бүхэнд анзаарагддаг уу. Өмнө аавын талаар хэн ч ярьдаггүй байсан одоо “Аав” гээд кино дуу гарч байна. Аавууд нэг үеэ бодвол өөрчлөгдөж байна. Эрүүл мэнддээ санаа тавьдаг, гэр бүлдээ цаг зав гаргадаг болж. 


-Аав нар яагаад хүүхдийнхээ хүмүүжлийн асуудалд төдийлөн оролцож чаддаггүй бол?

Манай аав нар завгүйдээ л тэр байх. Цаг үргэлж амьдралаа бодно, байнга асуудалтай нүүр тулна. Нийгэм ямар байгаа билээ. 

Өнөөдөр ажиллахаа болиод л нэг  өдөр амархад нь асуудал гарна. Өвдөх ч эрхгүй гэр бүлийнхээ төлөө л явах ёстой гэж итгэдэг тийм л хүмүүс.

Одоо хандлага өөрчлөгдөж аав нар маань “ажил, ажил” гэж гүйхгүйгээр гэр бүлдээ, өөртөө цаг зориулдаг болж байна. Хэвшмэл ойлголт бага багаар арилж байна. 

Би нэг төсөл бичиж байгаа юм л даа. Аав хүн ямар өөрчлөлт авчирвал гэр бүл эерэг уур амьсгал бүрэлдэх вэ гэж. Хоол хийдэггүй аав нэг орой цаг гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгвөл, байнга ажилтай завгүй явдаг аав нэг өдөр гэртээ эрт харьвал тэр гэр бүлийн уур амьсгал яаж өөрчлөгдөх бол гэдгийг харуулахыг хүсдэг. 


-Таны хувьд сайн аавыг хэрхэн тодорхойлох вэ? 

-Ажил амьдралаа тэнцвэртэй авч явж чаддаг бол сайн аав гэж гэж тодорхойлно.

Ажил ихтэй гээд гэртээ харагддаггүй эсвэл гэр бүлдээ цаг зарцуулдаг гээд ажил хийдэггүй байх нь аав хүний шинж биш болов уу. 

Хэчнээн өндөр цалинтай, орлоготой байсан ч гэр бүлдээ цаг гаргах л ёстой. Хүүхдүүдийн бага нас эргэж хэзээ ч ирэхгүй учраас тэдэндээ дурсамж үлдээх маш чухал. Яаж ядарсан ч гэртээ орохоор өөдөөс хүүхдүүд инээлдээд угтахаар ямар ч хүн бүтэн цэнэг авдаг шүү дээ.

Эрч хүч, цэнэг дүүрэн хүн ажилдаа сэтгэлээсээ хандаж, бүтээмжтэй ажиллана. Тийм учраас гэр бүлдээ цагаа зөв зарцуулсан хүн үргэлж сэтгэл хангалуун байдаг гэж би итгэлтэй хэлнэ. 


-Үнэндээ хүчирхийлэл гэмт хэрэг бүхний ард л эрэгтэй хүн, аавууд л яригддаг шүү дээ. Та үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?

-Ерөөсөө л нийгмийн стресс туйлдаа хүрсний нэг илрэл. Гэтэл сэтгэл зүйн үйлчилгээ бараг байдаггүй. Аавуудын хувьд бүр ч ярилтгүй. 

Жишээ аваад үзье л дээ. 

Барууны орон авто осол гаргавал сэтгэл зүйч түрүүлж ирээд “Та зүгээр үү” гэж асуудаг, ярилцдаг. Гэтэл Монголд хамгийн эхлээд цагдаа бас даатгалын ажилтан ирнэ. “Машин яасан бэ?” гэхээс хүний асуудал бараг сүүлд яригдана даа. Гол ялгаа нь энэ. 

Бид ерөөсөө хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч, сэтгэл зүйд нь анхаарч чадахгүй байна. 

Стресс байгаа газар л хүчирхийлэл үүсдэг байхгүй юу. Барьж аваад зодох цохих нь хүчирхийлэл мөн үү, мөн. Гэхдээ зөвхөн бие махбодод нь халдахыг л хүчирхийлэлд тооцохгүй. 

Зам дээр түгжирсэн уураа гэртээ гаргах, хүүхдүүд, эхнэртэйгээ маргалдах ч хүчирхийллийн нэг төрөл юм. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаарах нэн шаардлагатай байна. 


-Ингээд ярихаар мөн л хүмүүжлийн асуудал яригдана шүү дээ. Та сэтгэл зүйч мэргэжилтэй хүний хувьд хүчирхийллийн асуудлыг гааруулахгүйн тулд юун дээр түлхүү анхаарах ёстой гэж хардаг вэ?

-Америкт бага насны хүүхдийг бүдэрч унахад “Чи чадна, өөрөө босоорой” гэдэг. Энэ нь тухайн хүүхдийг биеэ даалгаж сургаж байгаа хэлбэр юм. 

Японд “Энэ чулуу дээр чи бүдэрсэн шүү. Дахиж чулуу таарвал тойрч гараарай” гэж арга зам зааж өгдөг. Ингэснээр хүүхэд гарц гаргалаа, шийдлийг илэрхийлдэг болно. 

Харин бид яадаг билээ.

“Битгий уйл, аав нь энэ чулууг зодчихъё” гэдэг. Энэ үйлдлээрээ бид өөрсдөө ч мэдэхгүй хүчирхийлэгч болгож хүмүүжүүлээд байна. Ингэж өссөн хүүхэд буруугаа бусад руу чихдэг, ямар нэг эд зүйлд эсвэл хүнд уураа гаргаж байж тайвширдаг болно. Алсдаа авгай, хүүхдээ зоддог болох ч эрсдэлтэй. 

Ийм хүмүүжлийн буруу аргаас болж л ажилгүй байгаа шалтгаанаа нийгэмд тохдог, талхны мөнгөгүй яваадаа ээж аавыгаа буруутгадаг хүмүүсийг нийгэмд бий болгоод байна. 


-Та өөрөө хэрхэн хүүхдүүддээ үлгэрлэдэг вэ?

-Би гурван хүүхэдтэй. Одоо дөрөв дэх үрээ хүлээж байгаа. /инээв/ Бага маань охин. Намайг юу л хийнэ, дуурайж хийнэ шүү дээ. Шүдээ угаавал дагаад л шүдээ угаана. Ёстой өхөөрдөм. 

Хүүхэд намайг дуурайж байхад би буруу байх учиргүй. Тиймээс аминдаа л хичээдэг. 

Ер нь өөрөө байнга гар утас оролддог хэрнээ хүүхдээ гар утас битгий ухаад бай гэж хэлж болохгүй шүү дээ. Иймээс аль болох л хүүхдэдээ үлгэр дуурайлтай амьдрахыг эрмэлздэг.

-Таныг сайн үйлсийн олон ажил хийснийг мэднэ. Хүмүүс хэр ханддаг вэ?

-Аавуудтайгаа нийлээд сайн үйлсийн ажил нэлээд хийлээ. Түүнийг дагаад туслаач, хандивын аян өрнүүлээд өгөөч гэсэн хүсэлт маш их ирдэг. Долоо хоногт дор хаяж арван хүсэлт ирнэ. 

Харамсалтай нь надад бүгдэд нь туслах боломж, цаг хугацаа ч байхгүй.  Манай аавууд чинь бурхан биш шүү дээ. Аль болох үр дүнд хүрэх, олон нийтийг хамарсан үр нөлөө ихтэй ажил хийхийг л эрмэлзэж байна.

Үнэндээ хандив тусламж гэдэг зүйлд дургүй хүн л дээ. Бэлэнчлэх сэтгэлгээтнийг төрүүлчих вий гэж боддог учраас. Иймээс энэ хандив гэдэг зүйлийг багасгаж, хэмжээ хязгаартай, яг л тусламж хэрэгтэй нэгэнд л туслахын төлөө ажиллана.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.