Коронавирусийн цар тахлаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор айл өрх, ААН-үүдийн дулаан, цахилгааны энэ сарын 01-нээс ирэх оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн. Гэхдээ өмнөх жилийн мөн үеийнхтэй тэнцүүний хэмжээний төлбөрийг төр, илүү хэрэглээний төлбөрийг иргэд, ААН-үүд өөрсдөө төлөх юм.

Үүнтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр энэ үеэр "Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр гурван чиглэлээр ажиллаж байна.

Одоо байгаа дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөнө. Энэ хүрээнд Дөрөвдүгээр дулаан цахилгааны станцыг 89 мВт-аар өргөтгөсөн. Энэ 3 машин энэ жилийн оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцож байна. 100 мВт-ыг 120 мВт болгох ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Гүйцэтгэгч нь гадаадын компани бөгөөд дотоодын компаниуд хүч нэмэн ажиллаж байна.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 мВт-аар өргөтгөж байна. Гэрээний дагуу ирэх оны 6 дугаар сарын 25-ны дотор дуусна. Эрчим хүчний барилга угсралтын зөвхөн дулааны улиралд хийдэг онцлогтой. 

Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх ажил эхэлсэн. Ажлын гүйцэтгэл 15 орчим хувьтай явагдаж байна. 2022 оны 6 дугаар сард ашиглалтад орно. 

Гуравдугаар дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 325 мВт-аар өргөтгөх ажлыг ирэх онд багтаж эхлүүлэхээр ажиллаж байна.

Хоёрдугаар дулааны цахилгаан станцыг 100 мВт-аар хийн турбинаар өргөтгөхөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, бэлтгэл ажлыг хангаж байна. 

Шинэ эх үүсвэрийн хувьд Тавантолгой нүүрсний уурхайг түшиглээд 450 мВт-ын дулааны цахилгаан станц барина. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Ирэх оны нэгдүгээр улиралд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Уг станц говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ болон Оюутолгойг хангана. Илүү гарсан эрчим хүчээ Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлнэ. 

Сонгино-Мандалговийн 240 км, 330 кВт-ын хийцтэй цахилгаан дамжуулах хоёр хэлхээ шугам бий. Төвийн бүсээс  говийн бүс рүү, говийн бүсээс төвийн бүс рүү 200 мВт-ын хүчин чадлыг урсгах боломжтой уг шугамын барьж ашиглалтад оруулсан боловч залгаж чадахгүй байсан. Өнөөдөр залгалаа. 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум дахь Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барина. Бүх бэлтгэл хангагдсан. Энэ сарын 25-нд тендер зарлана. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх Монгол дахь хамгийн хүчин чадалтай эх үүсвэр болно" хэмээлээ.