Мэргэжлийн хөгжмийн зохиолч, найруулагч Н.Тэмүүлэн манай “PEAK Today” буланд оролцлоо. Тэрбээр өсвөр наснаасаа эхлэн ажилласан, өнөө цагийн чадварлаг цөөн уран бүтээлчийн нэг юм. Өөрийн гэсэн өвөрмөц аялгуугаараа олон хүнийг татдаг түүнтэй уран бүтээл, хувь хүнийх нь талаар ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.


 -Хөгжмийн найруулагч болъё гэж хэзээнээс бодсон бэ?

-Манай аав Солонгост сургуульд сураад, мэргэжлийн дуу бичлэгийн студийн иж бүрэн тоног төхөөрөмж авчраад том өрөөнд ажиллаж эхэлсэн юм. Аранжировкийн тухай надад ямар ч ойлголт байгаагүй ч аавын хажууд сууж байгаад тогтоож авсан. Нэг өдөр байхгүй хооронд нь хэдхэн такт дуу хийсэн чинь аав олж сонсоод л “Хүүгээ сургана” гэж шийдсэн гэсэн. Удалгүй аав студи нээж Ганг, А.Болорхүү гэх мэт мундаг хүмүүстэй ажиллаж эхлэхэд нь би дагалдаж их зүйл сурсан. Ингээд 14 настайгаасаа хөгжим хийж эхэлсэн.

-Гэр бүлд тань урлагийн өөр хүн бий юу?

-Манай гэрийнхэн бүгд урлагийн хүмүүс. Аав баян хуур, морин хуур тоголдог, ээж шанз тоголдог, хоёулаа Соёлын дээд сургуулийг төгссөн. Ах зураач мэргэжилтэй, багаасаа л эрээн даавуу ч юм уу тод зүйл ширтэж өнгө бүрээр нь ялгаад суудаг байхад би хэлд ч ороогүй байж “Маамуу нааш ир” дууг өнгө алдалгүй аялдаг байсан гэнэ лээ. Аав, ээж хоёр минь мундаг оюутан байсан болохоор багш нар нь “Эдний хүүхэд хөгжмийн айхтар авьяастай болно доо” гэдэг байсан гэсэн. Тэгэхээр нь ахад Төгөлдөр гэдэг нэр өгсөн чинь зураач болчихсон. Би болохоор дуу хөгжмийн авьяас нь багаас тодроод эхэлсэн. 

-Хөгжим бүжгийн юуны анги байсан бэ? 

-Аав, ээж намайг хөгжмийн хүн болно гэж мэдээд IV ангиас Хүүхдийн ордны төгөлдөр хуурын ангид оруулсан. V ангидаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид орж, хөгжмийн онолын ангийг төгсөөд саяхан коллеждоо хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшиж, Хөгжмийн зохиолчдын холбооноос үнэмлэхээ гардлаа. Камертон хамтлагийн Эбагийн аав Батбаяр миний багш, Монголын бараг бүх морин хуурчид багшилсан. Том болоод ямар хүн болохоо, хөгжмийн хэмнэл сайн мэддэг байх нь ямар хэрэгтэйг эрт мэдээд бөмбөр сурсан.

-Одоо байгаа бүхнээ анх юунаас эхэлсэн бэ? 

-Намайг 17 нас хүрэхэд аав студиэ ажиллуулахаа больсон, миний туршлага бага болохоор сайн хань болж чадахгүй байлаа. Тэр үед аав бүх тоног төхөөрөмжөө зараад ганцхан миний дуу найруулгын юмыг л үлдээсэн. Тэгээд Pentium-4 компьютертэй, найруулгын төхөөрөмжнөөсөө л эхэлсэн дээ. Одоо Б.Дашдондог ахтайгаа хамтарч ажиллаад таван жил гаруй хугацаа өнгөрлөө. Их зүйл зааж, дэмждэгт Дашка ахдаа баярладаг. 

-Сансара хамтлагийн “Сэтгэгдэл байсан” дууг их багадаа хийсэн гэж сонссон?

-“Сэтгэгдэл байсан” дууны хөгжмийн найруулгыг хийхэд 15 настай байсан. Хамгийн анхны ажлуудын маань нэг. Сансара хамтлаг, дуучин Б.Мишээл, S4, Motive хамтлаг, буриад ардын дуучин Нараагийн этник цомгийг хийж байлаа. Тэр цагаас хойш зогсолтгүй ажилласан даа. 

-Хөгжмийн ямар төрөл урсгалд илүү дуртай вэ? 

-Би ямар ч төрлийн урсгалаар уран бүтээл хийх дуртай. Дуртай гэвэл их олон, гэхдээ би амьд хөгжмөөр гараагаа эхэлсэн, амьд хөгжмийн хамтлагтай болохоор арай илүү дуртай. Ялангуяа Английн хамтлаг, дуучдыг их сонсдог. Би хувьдаа дуу хөгжим Англиас гаралтай гэж боддог. Америкийн уран бүтээлчид мундаг ч гэсэн Англи нь илүү амьтай, хүчтэй нөлөөтэй санагддаг юм.  

-Хамтлагийнхаа талаар ярихгүй юу?

-Манай хамтлагийг Lego гэдэг, 2008 онд байгуулагдсан. Бид Be брэндийн “Be 4 u” гээд тэмцээнд ялахдаа их урам авч уран бүтээлээ хийсээр “Lego” нэртэй цомгоо 2015 гаргасан. Удахгүй хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна. 

-Морин хуур тоглодог, мэргэжлийн хөгжмийн зохиолч юм байна. Томоохон бүтээлүүд бий юу?

-Мэргэжлийнхээ дагуу нэлээд хэдэн симфони найрал, оркестрой зохиоулууд туурвисан. Мэргэжлийн хөгжмийн энэ бүтээлүүдээрээ тоглолт хийхийг хүсдэг. Энэ боломжийг ашиглаж, намайг гардаг төгсгөсөн мэргэжлийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд багшдаа талархаж явдаг, баярлалаа гэж хэлье. 

-Дуу хөгжим, ер нь урлагт мэдрэмж хамгийн чухал юм шиг. Гэхдээ онол сайн үзсэн хүний бүтээл цаанаа өөр ч юм шиг. Онол ер нь хэрэгтэй юу?

-Хөгжмийн онол, гүн ухааныг сурахын тулд төгөлдөр хуурыг мэргэжлийн хэмжээнд сурч, хөгжмийн талаар бүхий л нарийн ширийн зүйлийг судалдаг. Хөгжмийн гармони, дуугаралт өөр юу байдаг юм, эхнээс нь үзэж судлахгүй бол хаа нэгтээ очоод гацах тохиолдол бий. Тиймээс би бол онол, боловсрол маш хэрэгтэй гэж боддог.

-Бусдаас өөр бүтээл хийх хэцүү юу. Таны хөгжим бусдаас юугаараа онцлог юм бэ?

-Ер нь бол өөртөө итгэвэл бусдаас өөр дуу хийх боломжтой. Хөгжмийн зохиолч бүрт дуу хийх арга барил, өөрийн гэсэн аялгуу байдаг. Хөгжмийн дуугаралт илүү сайн хийдэг залуучууд олон бий. Би их зөөлөн зан чанартай болохоор нэг тийм өнгө аяс шингэчихдэг юм шиг. Миний дууг сонссон хүмүүс “Зөөлөн, аз жаргалтай болдог” гээд байдаг юм. 

Би хит дуу бүтээх гэж улайрч, миний дууг заавал сонсоосой гэж хүсдэггүй. Хүн бүр нэг удаа сонсоод үзээсэй л гэж боддог. Сайн дуу хийсэн бол их цаг хугацаа өнгөрсний дараа ч хүмүүс олж сонсох л болно. Сайн дуу хийхэд технологи их чухал. Наад зах нь гацдаггүй компьютертой бол стрессгүй, бас чанартай дуу хийдэг. 

-Монгол уран бүтээлчид үндэсний элемент бүтээлдээ шингээдэг. Та тэгэхийг эрмэлздэг үү?

-Морин хуурын анги байсан болохоор ардын хөгжим ойлгодог, бас дуртай. Ардын дуу, ардын татлага, бүгдийг нь тоглодог, миний дотор цэвэр “монгол хүн” байдаг.(инээв) Үүгээрээ ч бахархадаг. Магадгүй би багадаа төгөлдөр хуурын ангид сурсан бол ардынхаа урлагийг ойлгохгүй, энэ чиглэлээр бүтээл хийхэд хүндрэлтэй байх байсан. Миний дуунуудыг анзаарсан бол үндэсний хэв маяг, аялгуу их шингэсэн. Бэхи хамтлагийн “Wave”, “MNTM” зэрэг байна. 

-Хүмүүсийн онгод янз бүрээр ордог гэж сонссон. Танд шинэ бүтээлийн санаа ямар үед орж ирдэг вэ?

-Өө янз бүр ээ. Унтах гээд хэвтэж байхад их санаа гарна, тэр үед нь аялаад утсан дээрээ бичиж үлдээдэг. Дуучин Amra-гийн дуулсан “Take me There” дуу гэхэд л ажлаа дуусгаад, компьютерээ унтраачихаад яг гарах гэж байсан чинь ая нь орж ирсэн. Тэгээд л бүх юм аа асаагаад бичиж эхэлсэн. Ер нь бол “За нэг дуу хийчихье” гээд суугаад хийчихдэггүй, мэдрэмжээ дагна, шүлэгээ харна, толгойдоо төсөөлнө.  

-Дуу хөгжмийн хүн болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ? 

-Энэ тухай хэзээ ч бодож үзээгүй, өөрийгөө өөр зүйл хийж байгаагаар төсөөлөхгүй байна. Аав, ээж, бид гурав намайг хөгжмийн хүн болохыг багаас л мэдсэн, би ч мэргэжилдээ хайртай. Тийм болохоор шахуу цагаар ажилласан ч хүнд санагддаггүй. Өөр төрлийн юм сонирхож, сатаарсан удаагүй ээ. Миний бодлоор дуртай зүйлээ хийж, түүндээ авьяастай байгаа нь бурхнаас өгсөн бэлэг. Нөгөөтэйгүүр улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг.

-Хүмүүст хэр танигдаж байна вэ, ажил ихтэй байдаг уу?

-Жил ирэх тусам л маш их хүнтэй хамтарч ажиллах боллоо. Өглөө 08.00-д ирээд 22.22 цаг хүртэл ажилладаг. Хоёр долоо хоногт гэхэд л хэдэн арван уран бүтээлчтэй ажиллах хувиартай. 

-Олон хүнтэй ажиллаад халтуурддаг тохиолдол бий юу?

-Үгүй ээ. Ажил хийхэд авьяас чадвар, мэдрэмжээс гадна сэтгэл их чухал. Сэтгэлээсээ ажилладаг, хийж байгаа юм аа сайн мэддэг, дуртай бол болно доо, бараг.

-Ойролцоогоох хэчнээн бүтээл хийсэн бэ. Сүүлийн үе ажиллаж байгаа уран бүтээлүүдээсээ сонирхуулаач?

-Тоогоо алдсан. “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн бүх дуу, Боловсрол сувгийн “Гэрлэн дохио”, “Их хотын залуус”, бас удахгүй гарах олон ангит киноны бүх дуу, “M1NT Ulaanbaatar”-ын гаргасан бүх дууг зохиосон. Реклам, кино, нэвтрүүлэг, дуу, цомог гээд бүх л төрлийн зүйл хийдэг. Сүүлийн үед гэвэл дуучин Баярцэнгэл, Ариунаа, Соло, Заяа тэргүүтэй хамтлаг, дуучдын цомгийг найруулж байна. 

-Киноны дуу хийх гоё уу, хэцүү юу?

-Ямар ч дуугүй кино үзэж байгаад л бүх дуу, чимээг нь тааруулж хийдэг, сонирхолтой. Гэхдээ Монголд киноны дуунд нэг их мөнгө төсөвлөдөггүй. Холливудэд жишээ нь кино бүтээх зардлын 40 хувийг дуу, дууны эффектэд зориулдаг. Хөгжмийн зохиолчид олон арван сая долларын цалинтай. Би гадаадыг Монголтой харьцуулах дургүй манайд бол хөгжмийн зохиолчид хоёр цаг орчим үргэлжлэх кинонд 8-10 сая төгрөгт чанартай бүтээл хийж өгөх хэцүү. 

-Шантрах үе бий юу, юунаас болж их шантардаг вэ?

-Өөртөө, дуртай зүйлдээ цаг зав зарцуулж чадалгүй залуу насаа өнгөрөөж байгаадаа харамсах үе бий. Би гадаад орноор, Монголынхоо хөдөө нутгаар аялах дуртай. Өдөржин ажилласаар 30 гарах нь.(инээв) Гэхдээ ямар хүний төлөө ажиллаж байгаа биш, миний л хийсэн сонголт юм даа. 

-Хэчнээн ажил ихтэй байсан ч цаг зав харамладаггүй зүйл гэж бий юу?

-Хөлбөмбөг. Би хөлбөмбөгийг биеэрээ тоглоно, Play Station-ээр тоглоно, зурагтаар үзнэ, чадвал очиж үзнэ. Ер нь хөлбөмбөгтэй холбоотой бүх л юманд дуртай.

-Том мөрөөдөл юу вэ?

-Гадаадын нэртэй их сургуульд сураад хожим нь түүхэн, дэлхийн хэмжээний киноны хөгжим хийхийг мөрөөддөг. Мэргэжлийн хөгжмийн зохиолч бүр л үүнийг хүсдэг байх. Би сурах их дуртай, насаараа л сурна гэж боддог. 

-Эрх мэдэлтэй, мөнгөтэй байлаа гэж бодъё. Үхэхээ мэдвэл бусдын төлөө юу хийж бүтээх вэ?

-Би гадаадын мундаг сургуулиудад сурахыг мөрөөддөг байсан ч тухайн үед санхүүгийн боломж байгаагүй. Тийм болохоор би маш их эрх мэдэлтэй, мөнгөтэй болвол мэргэжилдээ авьяастай залуучуудын сургалтын төлбөрийг 100 хувь төлөөд дэлхийн шилдэг их сургуулиудад сурганааа. Эргээд тэд асар их өв, мэдлэг, туршлага тээгээд ирэх байхгүй юу. 

-“Тэмүүлэн ах аа би таны биширдэг. Та надад мэддэг бүхнээ зааж өгөөч” гэвэл хүлээж авах уу?

-Надаас илүү авьяастай бол асуудалгүй. Намайг гүйцэхгүй бол урлагийн хүн болж цаг гарздаад яахав дээ. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд их айхтар болсон, мундаг хүүхэд маш олон байна. 

-Өөрийнхөө дуунуудаас бүрдсэн тоглолт хийе гэж боддог уу?

-Ямар ч байсан өөрийнхөө дуунуудаар цомог гаргана. Бас миний дуунуудыг сонсдог үнэнч хүмүүст зориулсан цомхон тоглолт хийх байх. 

-Монголын дуу хөгжмийн урлагт өөрчлөх хүсэлтэй зүйл байдаг уу?

-Оюуны өмчийн талаар ойлголтоо сайжруулж, баримтлаасай гэж боддог. Кино, нэвтрүүлэг, зар сурталчилгаанд бэлэн дуу татаж аваад ашиглахаас хүмүүс санаа зовдаггүй хүн олон. Уг нь бол энэ асуудлаар хөгжмийн зохиолч нарт хандвал уран бүтээлчид хөгжиж, өрсөлдөөн ч нэмэгдэнэ. Боловсрол сувагт гэрээгээр зохиож өгсөн дуу зарим нэг сувгаар сонсогдсон удаа бий. Энэ үед нь шүүхдэж явахаас илүү “За тэр хүн талхаа олоод идэг дээ, одоо” л гэж боддог. 

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, амжилт хүсье

Н.Тэмүүлэнгийн хайртай бүтээлүүдээс хүргэж байна.