Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Тост, Тосон бумын нурууны хилийн заагт нэмэлт, өөрчлөлт оруулах  Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагдлаа.

Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, ХЗДХ-ийн сайд, УУХҮ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга нараас бүрдэж, БОАЖ-ын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахи хяналт хийх, зарим бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээн мэдээллээ.

Сануулахад, Тост, Тосон бумбын нуруу орчимд ашигт малтмалын олборлолт хийж байсан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайд У.Хүрэсүхийн өгсөн үүргийн дагуу цуцалсан юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тост, Тосон бумын нурууны хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолыг баталлаа.