Б.Номин
05 сарын 11, 2026
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцэд оролцож, “Хүний эрх: Үндэсний болон даян дэлхийн сорилтуудад шийдэл болох нь” сэдвээр илтгэл танилцууллаа.
Энэхүүг лекцийг жил бүр уламжлал ХЭҮК-оос хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.
Зураг | Тайлбар |
![]() ![]() | |
![]() |
Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, оюутан залуус зэрэг 200 гаруй хүн оролцов.
Илтгэлийн үеэр Фолькер Түрк Монгол Улсад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хямрал, эрчимтэй хотжилт, дэлхийн геополитикийн зөрчил мөргөлдөөний эдийн засгийн нөлөөллийг онцлон дурдлаа. Тэрбээр “Монголчууд дэлхий дахинд болж буй үйл явдлыг соргогоор мэдэрдэг ард түмэн” хэмээн тодотгосон юм.
Мөн Монгол Улс ирэх наймдугаар сард COP17-ыг эх орондоо зохион байгуулж байгаа нь байгаль орчны асуудалд манлайлан оролцож буйн илэрхийлэл гэж үнэлэв.
Түүнчлэн Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссыг олон улсын түвшинд хамгийн дээд зэрэглэлээр магадлан итгэмжлэгдсэн байгууллага болохыг онцолж, мэдээллийн нууцлал, хувийн халдашгүй байдлыг хамгаалах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа хэмээн онцоллоо.
Фолькер Түрк “Алсын хараа-2050” бодлогын хүрээнд монгол хүн бүрийн эрх, боломжийг хангах үйл хэрэгт НҮБ тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд, “Хүний эрх бол илүү хүчтэй, илүү уян хатан нийгэмд суурилсан, илүү тайван дэлхийн тулгуур юм” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс авлига, хүчирхийлэл, шударга бус байдал, дарамт шахалтын эсрэг нэгдэж, энх тайван, эрх чөлөө, тэгш боломжийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгааг тэмдэглээд, залуус эдгээр хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж байгааг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.