ХЭҮК болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргалаа Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, нийгмийг түгшээж буй зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар тогтмол хамтран ажиллаж ирсэн байдаг. 

Хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хүний эрхийн боловсрол олгох сургалт, судалгааны цогц ажил буюу танхимын болон цахим сургалтууд явуулахаар болжээ.

Мөн “Цагдаагийн байгууллага ба Хүний эрхийн стандарт, туршлага” ном хэвлүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагатай албан хаагч” аян, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөөд байна. 

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж,  уг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Уг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь Монгол Улс дахь химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, хүний амь насанд аюул заналхийлэл учруулж, хохироож буй зарим тээврийн хэрэгслийг зохицуулах, олон нийтийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аянг зохион явуулахаар боллоо.