УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Энэ хууль батлагдсанаар тэтгэвэрт гарах нас нэмэгдэх үү, үүнийг яаж зохицуулсан бэ, одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн төлж буй дүн нэмэгдэх үү" хэмээн асуулаа.

Хариултад нь УИХ-ын гишүүн Н.Учрал "Хэрвээ одоогийн тогтолцоогоор явбал тэтгэврийн насыг хойшлуулж, НДШ-ийг төлөхөөс өөр ямар ч гарц байхгүй юм билээ. Хувийн тэтгэврийн хууль батлагдвал төрийн ачаанаас хөнгөлнө. Нас нэмэгдэх асуудал үүсгэхгүй байх гэж л энэ хуулийг төслийг оруулж ирсэн" хэмээлээ.

ХХАХҮ-ийн сайд Ариунзаяа "Одоогийн хууль эрх зүйн үндэслэлээр тэтгэвэрт гарах нас жилд 3 сараар нэмэгдээд 2037 онд 65 хүрэхээр байна. Гэсэн хэдий ч нөхцөл нь бүрдчихсэн, шимтгэл төлсөн болон ажилласан жил нь болсон байвал энэ хамаарахгүйгээр 55, 60 хэвээрээ байгаа" гэв.