УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Тус дүгнэлтийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, холбогдох Байнгын хороо, Ажлын хэсэг хариулт өглөө.

Үүний дараагаар УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн батласан УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулав.

Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллыг дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй.