Хэнтий аймаг буюу УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуультай холбоотой асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"... Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 30.000 гаруй иргэн, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна.

...УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон.

Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоогоод байсныг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас дээрх сонгуулийг явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж, нөхөн сонгууль явуулах боломжгүй болсон.

Уг үндсэн хуулийн зеөрчилтэй асуудлыг УИХ засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байна. Ингэснээр Хэнтий аймгийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм.

Иймд УИХ-ын тухай хуульд заасан маш тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улстөржүүлж байгааг буруу гэж үзэж байна. 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад одоо болтол төлөөлөлгүй байгааг анхаарч, нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийг Үндсэн хуулийн цэц хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг сануулж байна" гэжээ.


АН-ын зөвлөлийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.