МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдлээ. Тус нам энэ сарын 20-нд буюу өнгөрсөн бямба гарагт намынхаа 4 дүгээр бага чуулганыг хуралдуулжээ. Бага чуулганаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх талаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь оролцох нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингэснээр "2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд МАХН нам оролцсугай" гэсэн тогтоолыг баталжээ.

Мэдээллийн үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийчүүдийн төлөөлөлгүй маш удаан явлаа. Хэнтийн ард иргэдийн төлөөлөл УИХ-д байхгүйгээр нэг хоног ч байж болохгүй. Энэ талаар МАХН болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэц, эрх баригч нарт удаа дараа шаардах бичиг хүргүүлсэн. 

Эрх баригчид айж байгаа. Тэд өнөөдөр ажлын байр бий болгож чадахгүй байна. Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай болгож чадахгүй байна. Өдөр хоногийг шоугаар өнгөрөөж байна. Энэ тэнэг байдлаа зогсоо, Хэнтий аймаг парламентад төлөөлөлтэй байх ёстой гэдгийг шаардсан. 

Хэнтийчүүдэд ажлын байр хэрэгтэй. Ядуурлаасаа гармаар байна. Хэнтийд ухаж буй тэр олон дээрмийн уул уурхайг зогсоомоор байна. Эдгээр асуудал дээр эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Нөхөн сонгууль явуулахаар боллоо. МАХН Хэнтийн ард иргэдийг төлөөлж, УИХ-д ялалт байгуулахын тулд зоригтойгоор сонгуульд оролцохоор боллоо" хэмээн мэдэгдлээ.