Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улс орон даяар хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх ажлын хэсэг гарсан. Хуулийн хэлэлцүүлэг долдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин МАХН-аас  тавдугаар  Үндсэн хууль гэж боловсруулж, хуулийн төслийг орон нутгаар хэлэлцүүлж байгаа юм. Ингээд  МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяртай холбогдож Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ямар шатандаа явааг тодруулсан юм.

-Та бүхний боловсруулсан тавдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ямар шатанд явна?

-Тавдугаар Үндсэн хуулийн төслийг бид өнгөрсөн хавар хэлэцүүлсэн. Одоо хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг орон нутгийг бүсчлэн хувааж Баруун бүс зүүн бүс төвийн бүсүүдээр хэлэлцүүлгээ хийсэн. Одоо Говийн бүс,  хойд бүс болон Улаанбаатар хотын есөн дүүрэгт хэлэлцүүлэг явуулж гишүүддээ хуулийн төслийг танилцуулах арга хэмжээг явуулж байна. 

-Үндсэн хуулиа хэлэлцүүлж дуусаад УИХ-д өргөн барина гэсэн үг үү?

-Тиймээ. Бид Чуулган эхлэх үеэр өргөн барина. 

- Та бүхний боловруулсан хуулийн төсөл одоо хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн шинэчилсэн төслөөс хэр зөрөөтэй, ялгаатай зүйл байна вэ?    

-Ялгаатай байгаа. УИХ-аас гарсан шинэчилсэн найруулга дөрөвдүгээр Үндсэн хууль. Тодорхой зүйл заалт дээр өөрчлөлт орж байгаа. Бид Тавдугаар Үндсэн хууль гээд хуулийн зүйл заалт болгон дээр ажилласан. 

-Хуулийн төслийг хэлэлцүүлээд явж байхад иргэдээс аль асуудал дээр илүүтэй санал  хэлж байна?

-Хүний эрх эрх чөлөөн дээр нэлээд тодорхой тодорхой саналуудыг хэлж байна. Мөн Төрийг хянах хяналтын механизмыг сайжруулах, Төрийн хэмжээлшгүй тэр эрхийг хязгаарлах тал дээр саналуудыг хэлж байна. Бас Шүүгчийг сонгохдоо аль нэр сайд дарга нарын шийдвэрэрээр биш. Жинхэнэ мэргэшсэн үндсэн шалгуур нь байгаад ард түмний саналаар шүүгчийг томилох нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байна.