ШИНЭ ДЕЛИ/РИА Новости/. Казахстаны нийслэл хотын Нур-Султан хэмээх шинэ нэрийг хэлж заншихад хоёр үе дамнах хэмжээний хугацаа шаардагдаж магадгүй юм хэмээн Энэтхэгийн “Observer Research Foundation” судалгааны төвийн ажилтан, улс төрч Аарши Тирки хэлжээ.

Анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт зориулж Казахстаны нийслэл Астана хотын нэрийг Нур-Султан болгож өөрчлөхийг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өмнө нь санал болгосон бөгөөд энэ талаарх Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг парламент өнгөрсөн лхагва гарагт баталсан юм. Харин өнгөрсөн бямба гарагт Төрийн тэргүүн нэмэлт өөрчлөлтийг баталж, захирамжид гарын үсэг зурсан юм. 

"Энэтхэгт хэдэн арван жилийн өмнө нэрийг нь өөрчилж байсан нэг хот байдаг бөгөөд хүмүүс тус хотыг одоо хүртэл хуучин нэрээр нь дууддаг. Казахстаны нийслэл хотын шинэ нэрний хувьд юу болохыг харж л байя. Шинэ нэрэнд дасахад нэг юмуу хоёр үе дамнах хэмжээний хугацаа шаардагдаж ч магадгүй юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг