Эрчүүдийг урт наслахад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь бэлчээрийн экосистемийн эмзэг байдал байх магадлалтай

Шинжлэх Ухааны Академи болон  “Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн” ТББ-гийн эрдэмтэн судлаачдын баг Ази Номхон Далайн Дасан Зохицох Сүлжээ, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагын (APN) санхүүжилтээр “Монгол Орны Баруун Аймгуудын Бэлчээрийн Экологийн Эмзэг Байдлын Үнэлгээ Хийж Дасан Зохицох Стратеги Боловсруулах” сэдэвт судалгааны төслийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж гүйцэтгэжээ.

Уг төслийн зорилго нь Говь-Алтай, Ховд аймгуудийн бэлчээрийн эмзэг байдлыг үнэлж, түүний нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлон бодлогын зөвлөмж боловсруулах юм. Мөн төслийн судалгаанд залуу судлаачдыг хамруулан судалгааны аргазүйд сургах, гадаадын судалгааны төслийн санал боловсруулж сургах, судлаачидтай хамтын ажиллагаа тогтоох, судалгааны үр дүнг хэвлүүлэхэд сургах ажлууд хийжээ. 

Судалгааны зарим үр дүнгээс дурьдвал

Говь-Алтай аймгийн тухайд Бэлчээрийн экологийн эмзэг байдлын нэгдсэн үнэлгээгээр Дарви, Жаргалан, Төгрөг, Халиун, Чандмань, Тонхил, Бигэр сумууд хамгийн эмзэг байна.Говь-Алтай аймгийн 18 сумын нийт мал сүргийн 86-98%-ийг бог мал бүрдүүлдэг ба бог малын хээл хаялт бэлчээрийн эмзэг байдалд илүү өртөмтгий байна. Ялангуяа нийт сүргийн 45-76%-ийг ямаан сүрэг эзлэх ба эм ямааны хээл хаялтад бэлчээрийн эмзэг байдал илүү хүчтэй буюу 0.5-0.8 корреляцын хамааралтай нөлөөлж байна. Бэлчээрийн эмзэг байдлыг зудтай харьцуулахад мал аж ахуйд бага хохирол учруулдаг ч зудаас олон тохиолддог байна. 


Бэлчээр ашиглалтаар Есөнбулаг, Дарви сумууд илүү эмзэг байгаа нь цаашид бэлчээрийн даацыг удаан хугацаагаар хэтрүүлэн ашиглавал ургамлын төрөл зүйл багасаж улмаар мал бэлчээрлэхэд тохиромжтой бэлчээр хумигдан, доройтсон бэлчээрийн талбай нэмэгдэх эрсдэлтэй байна. Ургамлын бүрхэвчийн өөрчлөлтийн давтагдал Тонхил, Дарви, Төгрөг сумдын хил залгаа хэсэг, Есөнбулаг, Халиун, Шарга сумдын хилийн зааг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын хил залгаа хэсэг, Чандмань, Бигэр сумдын хил залгаа хэсгүүдэд хамгийн их буюу 2 жил тутамд 1 удаа ажиглагдаж байна.

Бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээгээр Бигэр суманд сүүлийн 20 жилд уулын хээрийн бэлчээрийн талбай 4.8 хувиар, цөлийн хээрийн бэлчээр 16 хувиар багасаж, цөлжүү хээрийн бэлчээрийн талбай 18.2 хувиар, цөлийн бэлчээр 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ нь Уулын хээр илүү хуурай цөлжүү хээр рүү, цөлийн хээр илүү хуурай цөл рүү шилжиж ургамал нөмрөг хуурайшиж, цөлжилт нэмэгдэж байгааг илтгэж байна. Бигэр сумын бэлчээрийн төлөв байдлыг үнэлэхэд тус сумын бэлчээрийн 1.0% нь соргог, 76.5% нь сул, 17.6% нь дунд доройтсон, 3.3% нь их доройтсон, 1.5% нь хэт их доройтсон төлөвтэй байна.


Бэлчээрийн эмзэг байдал нь малын хорогдлыг нөхцөлдүүлэх замаар малын өсөлтийг удаашруулж, малчдын орлогыг бууруулахад нөлөөлж байна. Мөн сумдад малын хорогдол нэмэгдэхэд хүн амын тоо буурч харин аймгийн төвийн (Алтай хот) хүн ам өсөх хандлагатай (r=0.45) байна. Энэ нь бэлчээрийн эмзэг байдал өндөр жилүүдэд сумдаас аймгийн төврүү шилжих хөдөлгөөний урсгал их байгааг илтгэж байна.

Говь-Алтай аймгийн эрэгтэй, эмэгтэй хүн амын дундаж наслалтын зөрүү 9 жил буюу сүүлийн 20 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийнх 5, эмэгтэйчүүдийнх 10 насаар нэмэгдсэн байна. Энэ нь малчдын тэр дундаа эрчүүдийн мал маллагааны ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчин, амьдралын хэв маягаас хамаарах бөгөөд эрчүүдийг урт наслахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол бэлчээрийн экосистемийн эмзэг байдал байх магадлалтай юм гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймд Энэ чиглэлийн судалгааг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.


Ховд аймгийн тухайд Бэлчээрийн экосистемийн эмзэг байдлын үнэлгээгээр Чандмань, Ховд, Манхан, Зэрэг, Булган сумууд хамгийн их эмзэг байна. 


Ховд аймгийн Чандмань сумын бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээгээр 29 овгийн 84 төрлийн 134 зүйл ургамал бүртгэсэн. Чандмань сумын бэлчээрийн 0.7 хувь нь соргог, 66.1 хувь нь сул, 15.2 хувь нь дунд доройтсон, 17.7 хувь нь их доройтсон байна. 1981 онтой харьцуулахад өндөр уулын бэлчээр 0.6 хувиар, хуурай хээрийн бэлчээр 6.6 хувиар, цөлийн бэлчээр 13.6 хувиар, тус тус багассан бол, уулын хээрийн бэлчээр 4.2 хувиар, цөлжүү хээрийн бэлчээр 9.3 хувиар, цөлийн хээрийн бэлчээр, 8.5 хувиар тус тус нэмэгдсэн байна. 


Иймд дээрх 2 аймагт Бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг сум тус бүрээр 2 жил тутамд хийж доройтлын хэмжээг тодорхойлох, цаашид харьцуулсан судалгааны мэдээ материал баримт, мэдээллийн сан үүсгэх, устаж, доройтож буй төрөл зүйлийг бүртгэж, нөхөн сэргээхэд анхаарах.

Бэлчээрийн эмзэг байдал өндөр сумдад бэлчээрийн усан хангамж, худгийн тоог бэлчээрийн даац, малын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, худгийн хэвийн ажиллагааг хангахад хариуцах эзэнтэй болгож, ашиглалт хамгаалалтыг сайжруулах. Малчид ам бүл цөөн, хүн хүчний дутагдалтай болсон тул малчдын отор, нүүдэл хийх, хувийн худаг гаргах, зам-жим, бууц гаргах, хашаа, хороо засварлах, барих, мал өдрөөр хариулах, бараа таваар хоол хүнс татуулах, хүргэх зэрэг малчдын гадны тусламж авах шаардлагатай үйлчилгээнд хөлсөөр техникийн туслалцаа үзүүлэх үйлчилгээний төв, компанийг байгуулан ажиллуулах зэрэг нь малчдын бэлчээрийн экологийн эмзэг байдлыг бууруулахад нэн даруй хэрэгжүүлэх боломжтой ажил болжээ.


Төслийн үр дүнд

  1. Бэлчээрийн экологийн эмзэг байдлын судалгааны аргазүйг боловсруулсан нь цаашид бусад аймгууд төдийгүй Монгол орны хэмжээнд үнэлэхэд тохиромжтой хэмжигдэхүүнүүдийг тодорхойлсон. Мөн судалгааны мэдээ, материалыг цуглуулан мэдээллийн сан үүсгэжээ.
  2. Бэлчээрийн эмзэг байдлын үнэлгээнээс бэлчээр ихээр доройтсон сумдаас 2 сумыг сонгон авч бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг Говь-Алтай аймгийн Бигэр, Ховд аймгийн Чандмань сумдад хийсэн. Тус судалгааг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн баг хийж гүйцэтгэв.  
  3. Судалгааны төслийн хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харъяа 10 хүрээлэнгийн 27 судлаачийг Ази Номхон Далайн Дасан Зохицох Сүлжээ, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагын (APN) аас зарладаг судалгааны төслийн карт боловсруулах сургалтанд хамруулж чадавхижуулсан.
  4. Мөн төслийн хүрээнд 2 удаагийн сургалт семинар зохион байгуулж орон нутгийн төрийн захиргааны байгууллага төдийгүй, малчдыг хамруулан бэлчээрийн эмзэг байдал, түүнд дасан зохицох орчин үеийн арга технологиудыг зааж сургах, танилцуулах, газар дээр нь үзүүлэх ажлуудыг зохион байгуулсан.
  5. Судалгааны тайлангуудыг аймаг тус бүрээр хэвлүүлэн хүргүүлж зохих шатны хүмүүст хэрэгцээтэй материал болгосон.
  6. Олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 2 бүтээл хэвлүүлсэн болно.


Уг төсөлд ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын харъяа Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн харъяа Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Ховд их сургууль, гадаадаас Японы Кэиогийн их сургууль, Нагояагийн их сургууль, Токиогийн их сургууль, Ногоон Сүлжээ Төрийн бус байгууллага, БНХАУ-ын ШУА-ийн харъяа Баруун хойд бүсийн байгаль орчин түүний нөөцийн судалгааны хүрээлэн, Хөх хотын Ургамлын судалгаа-төлөвлөлтийн хүрээлэн, Тонглио хошууны Хорчин гацааны засаг захиргаа болон цөлжилтийг буурууулах төвийн нийт 20 орчим судлаач, мэргэжилтэн, экспертүүд болон туслах ажилтан, орон нутгийн  захиргааны байгууллага, сумын иргэд, малчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гэхчилэн нийт 40 гаруй хүн оролцжээ.