Гашуунсухайт авто замын Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомтын чиглэлд нүүрс тээвэр хийж байсан жолооч Д.Дашдорж нь машиныхаа бүхээгт гарсан галын улмаас 95 хувийн түлэгдэлтэйгээр өчигдөр ГССҮТ-д яаралтай эмчилгээ хийлгэж байсан юм. Гэвч өчигдөр түүний биеийн байдал хүндэрч, шархаа даалгүй нас баржээ.

Тэрбээр эхнэр 1-8 насны 3 хүүхэдтэй бөгөөд энэ сарын 8-нд нүүрс ачиж боомтыг зүглэж явахдаа ийнхүү амь насаа алдсан байна. 

Хүн даацын тэрэгний бүхээг халаагуур түлшээр ажилладаг бөгөөд халаагуурын сэнс очлуур болж машины бүхээгийн тэр чигт шатааснаас энэхүү хэрэг үүдэлтэй аж.

Талийгаач "Омог цагаан шонхор" ХХК-ийн ӨМӨ 06-63 дугаарын нүүрс тээврийн Потон маркийн машинаар тээвэр хийдэг байжээ.

Өчигдөр талийгаачид туслахаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдэл хийсэн юм. Тэд мэдэгдэлд Ерөнхий сайдад хаягласан бөгөөд ийнхүү бичжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг биелүүлээгүй "Омог цагаан шонхор" компанийг ажилтаныхаа төлөө арга хэмжээ авахгүй, Монгол улсын хуулийг уландаа гишгэж, эрдэнэт хүний амь насыг гаргуунд гаргаж байна. Учир нь осол өртөөд байхад нь түүний ажиллуулж байсан компани огт хайхраагүй төдийгүй Онцгүй байдлын алба ирж ажиллаагүй хаяж байхад Оюутолгой ХХК 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрийн онгоцоор Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргэж ирсэн. Иймээс "Омог цагаан шонхор" ХХК-ийг амь нас, эрүүл мэндийг нь бүрэн төлж барагдуултал улсын хилээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхийг зогсоохыг хүсье""