Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагаст 823 тэрбум төгрөг буюу 6.4 хувиар өсөв. Энэ өсөлтийн 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлсэн. Тэр дундаа нүүрсний экспортын өсөлт жин дарах нөлөөлөл үзүүлж буй юм.

Тодруулбал, наймдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1134 AGV тээвэр хийгдсэн байна. Энэ хугацаанд 1,621.8 мянган тонн нүүрс, оны эхнээс нийт 39,098.2 мянган тонн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өсчээ.

Засгийн газар өнгөрсөн намар 2023 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцож тусган, УИХ-аар хуульчлан баталсан. Эрх баригчдын энэ тооцоолол дотоод, гадаад аль аль талын хүчин зүйлсийн нөлөөллөөр давж бүрдэв. 

БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого суларсантай холбоотойгоор нүүрс, зэсийн баяжмалын экспорт хүлээлтээс давж, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж буй юм.