Нууц судрын мөрөөр мөшгөхүй Луу жанжин гүний цагаан тугын "Туг цэнгэх судар"- ориг эх нь Улсын төв музейгээс 1960-д оны төгсгөлд алга болсон энэ нууц судар одоо болтол сураг чимээгүй. Хэн, юуны учир, ямар зорилгоор хулгайлав гэдэг нь одоо ч бүрхэг хэвээр. Азаар Тугч Мөнхдалай уг судрын гар бичмэлийг музейд хүлээлгэн өгөхөөс өмнө эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай аминчлан уулзаж тус тусад нь  хуулбарлан үлдээсэн аж.

Эрт үеэс маш нууцын зэрэглэлд байсан "Туг цэнгэх судар"-ын  Элжигэн, Ордос, Цахарын гурван хувилбарт "Дээр Туулын гурван улханы дэвсэх саглагар модноос үүдсэн" гэх үндсэн санаа бүхий мөр өчгийн эхэнд нэг ижил байгаад сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу онцгой анхаарч энэ нэг мөрийг судлан шинжилж, магад үнэнийг тогтоохын тулд тандалт шинжилгээний бүхэл бүтэн ном туурвижээ.  

Хар туганд Амбагай хааны хилэнт сүнсийг шингээж, Цагаан туганд Бодончар богдын сүнсийг залж СҮЛД болгосон тухай домог хууч байдаг аж.  Мөнх тэнгэрийг шүтэх үзэл, хаан эзнээ дээдлэх хүндлэлээ туг сүлдэндээ шингээж маш нууц байдлаар тахин шүтэж ирсэн олон зууны уламжлал тасраагүй явсаар өдий хүрсэн ч нууц нь тайлагдаагүй хэвээрээ л байна. Хийсвэр бэлгэдэл, бодит утга аль нь болох нь үл мэдэгдэх,  өөр эх сурвалж байхгүй судрын нэг л мөрийг шинжин тандаж, утгы нь тайлна гэдэг нэг талаар маш сонирхолтой ч яс хавталзам хүнд хэцүү хөдөлмөр гэдэг нь мэдрэгдэнэ. Олон түүхэн эх сурвалжуудыг харгуулан үзэж, гаргалгаа хийж, газар орны байдлыг шинжин судалж тайлал хийсэн нь сонирхол татна.

ДЭЭД ТУУЛ, ГУРВАН УЛХАН, САГЛАГАР МОД -гэсэн энэ гурван үгийн жинхэнэ утгыг тодруулах, газар орныг тогтоох гэдэг үнэндээ л өвсөнд хаясан зүү хайхаас хэцүү мэт санагдлаа. Учир нь өөр харьцуулан үзэх эх сурвалж үгүй бүдэг балархай, нууцлагдмал байгаад хүнд хэцүү нь оршино. Тэнгэр үзэлт Монголчуудын хамгийн амин чухал сүлд шүтээн болох "туг сүлд"-ээ анх үүсгэн цэнгүүлсэн онцгой эрчим хүчтэй, бэлгэдэл шингэсэн, шидээн чанар бүхий газрыг олж тогтооно гэдэг гайхамшиг шүү дээ. Эртний үг хэллэг бүхий судрын зөвхөн ганц мөрийг тайлж унших гэж чөмгөө дундартал зүтгэхийн  учир нь энэ бол Монгол угсаатны түүх соёлын хосгүй үзэгдэл, нууцын нууц учраас тэр юм.  Эзэн Богд Чингис хааны есөн хөлт цагаан тугийг Элжигэн, Цахар тугчид цэнгүүлдэг бол домогт хувилгаан жанжинМухулайн эрхшээсэн дайны дөрвөн хөлт догшин хар сүлдийг Ордосын Дархадууд догшуулдаг эртний уламжлалтай аж. Туг сүлдийн өчгийг дуудаж, тахилга үйлдэх үед гадны хүн байлгадаггүй зөвхөн алтан ургийн ихэс дээдэс оролцох  учиртай маш нууц ёслол байж. Төрийн нууцын зэрэгт үзэж буй тул туг сүлд тахих ёслолын тухай мэдээ баримт ховор хомс байдаг ийм учир жанцантай юм байна. Дайн байлдаан, үймээн самуунтай хүнд хэцүү цаг үед, мөрдлөг хавчлага заналхийлэл дунд зовлон бэрхшээлийг туулан туг сүлдээ хамгаалж , үе уламжлан тахиж ирсэн "тугчид" бол өргөсөн андгайндаа үнэнч, шударга, эр зоригтой үнэндээ л сөгдөж мөргөмөөр "хүн судар"-ууд юм даа. 

Нэг үгээс түмэн утга цацармуй хэмээсэн эртний үг буй. Нэг л мөр холбоос хэлцийн утгыг тайлах гэж оюун сэтгэхүйгээ хөвчлөн, ухаан бодлоо уралдуулсан сэтгүүлч, судлаач маань "Дээр Туулын Гурван улхунд Дэвсэх саглагар модны үзүүрээс..." гэсэн өчиг дуудлагын эхний мөрийг "Туул мөрний эхэн дэх гурван довцог толгой(арал толгой)  дахь шүтээн удган модноос" гэсэн утга санаатай болохыг тогтоож, газар орны байршлыг тоймлон гаргасан байна. Мөн ч нөр их хөдөлмөр шүү. Гэхдээ энэ ном гагц "Туулын гурван улхан"-аар тогтохгүй Туулын сав газар бол эзэн Чингис хааны онцгой ивээлт нутаг гэдгийг олон баримтаар жишээлэн нотолж, Монголын нууц товчоонд дурдагддаг зарим газар усны  нэрсийг тодруулж ТУУЛЫН ТҮН, ХУБА ХАЯА-ын талаар дэлгэрэнгүй харьцуулсан судалгаа хийж ХУБА ХАЯА -нь Туул мөрний сав газарт буйг тогтоосон байна.

Өөр нэг онцлог нь ГУРВАН ЗУУН ТАЙЧУУДЫГ ДАРСАНД ДОМОГ-нь эзэн Богд Чингис хаан, түүний есөн өрлөг, хүлэг баатруудыг  алдаршуулсан уран сайхны домог төдий бус бодит түүхэн үйл явдал болохыг бусад эх сурвалжаар  харьцуулан судалж, шинэ тайлал гаргалгаа хийжээ. Бодит үйл явдлыг далд бэлгэдэл, зүүд, зөн совин, ид шид, домог зүйн өгүүлэмжээр хулдан халхалж эзэн Богд Чингис хаан бол тэнгэрийн хүү мөн болохыг батлан харуулах зорилготой байсны учрыг тодруулжээ.  Өөр нэг сонин сайхан нь "найман шарга морьд"-түүнийг тойрсон зөрчил тэмцлийн далд шалтгааныг  тэмтэрчээ. "Биесээ хөнөөх, зугатах, баривчлан баалах, мөшгөх, дээрэмдэх, аюул сөрөн мөшгөх, хамгаалан тулалдах зэрэг үйл явдлууд шарга агттан морьдын эргэн тойронд болжээ" гэж цохон тэмдэглэсэн нь "найман шарга агт" ердийн нэг уналга эдэлгээний морьд бус бэлгэдэл бүхий сүлд шүтээн байжээ гэдэг нь ойлгогдоно. Бэгтэрийг харван алсан нь сугас загас, бялзуухай мэт идэх хоол булаалдсан дээрэлхүү зангийн шалтаг бус "Сүлд сүрэг-эрх мэдлийн төлөөх" амь дүйсэн өрсөлдөөн байсныг өгүүлжээ. Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, философи нь далд бэлгэдэл, домог зүйгээр халхалагдсан тул хэт хялбарчлан үздэг сэтгэхүйгээр ойлгох  боломжгүй болохыг дурдсан байна.

Нууц судрын мөрөөр мөшгиж, нөр их хөдөлмөр, эрэл хайгуул, харьцуулсан судалгаа хийж, далд нууцыг тандаж нээсэн эл бүтээл түүх судлалд бас нэг шинэ зам мөр юмаа. Түүх бичлэг гэдэг эх сурвалжийн мэдээ баримтыг хуулан найруулах төдий буус түүнд түшиглэн харьцуулсан судалгаа хийж, анализ дүгнэлт, тайлал гаргалгаа хийх нь түүхээ баяжуулж буй сайхан хэрэг юм. Судлаач Ч.Эрдэнэ гуайн "Их гурвалжин" шиг уран сэтгэмжээр баялаг бүтээл туурвих, зохиолч Г.Аюурзанын "Тэнгэрийн судар" шиг Нууц товчоогоо өөр өнцгөөс тайлж унших, далд нууц түүхийг мөшгин сурвалжилж адал явдалт түүхэн зохиол бичих, кино хийж дэлхийн дэвжээнд гарах арвин их  нөөц байгааг энэ бүтээл давхар харууллаа. "Түүхээ гээсэн үндэстэн", "Түүхээ хайж буй үндэстэн" гэх мэтээр өрнийн түүхчид бичээд байдаг нь өнө эртний баялаг түүхэн зам мөртэй Монголчужд өөрсдөө түүхээ огтхон ч мэдэхгүй тоохгүй явааг сануулсан хэрэг.