Б.Баясгалан
02 сарын 28, 2020
Шинэ коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад ямар байгаа талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ сарын 28-ны 09.00 цагийн байдлаар БНХАУ-д 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тус улсад гарсан нийт тохиолдлын тоо 78824 болж, 2788 хүн нас барсан.
БНХАУ-аас гадна 46 улсад 3664 тохиолдол бүртгэгдэж, 56 хүн нас барсан байна. Дэгдэлт эрчтэй нэмэгдэж буй Иранд 248 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барсан, Италид 6650 тохиолдол бүртгэгдсэнээс 17 хүн нас барсан. Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсийн 705-аас нь шинэ коронавирус илэрсэн, өндөр настай 4 хүн нас барсан. Хөлөг онгоцноос гадна Японд халдвартай 189 хүн бүртгэгдэж, 4 хүн нас барсан.
БНСУ-д шинээр 256 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 2022 боллоо. 12 хүн нас барсан. Халдвар авсан хүмүүсийн 182 нь Дэгү хотод бүртгэгдсэн.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом хэлсэн үгэндээ "Сүүлийн хоёр хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо БНХАУ-д шинээр гарч буй тохиолдлын тооноос давсан. 46 улсад халдвар гарсан. Бид шийдвэрлэх мөчид хүрээд байна. Одоо сайн арга хэмжээ авбал вирусийн тархалтыг хязгаарлана. Халдвар тархсан орнуудад маш шуурхай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна. Энэ халдвар ямар хурдан тархаж буйг Иран, Итали, БНСУ-аас харж байна. ОХУ зэрэг халдвар бүртгэгдсэн зарим улсад сүүлийн 14 хоногт нэмж халдвар бүртгэгдээгүй учир хязгаарлах боломж байна. Ямар ч улс манайд вирусийн тохиолдол бүртгэгдэхгүй гэж үзэж болохгүй. Ингэвэл том алдаа болно" гэдгийг онцлон хэлсэн" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.