"On The Basis of Sex" киноны тухай шүүмж, танилцуулга, бүх зүйл


2018 онд нээлтээ хийсэн домогт хуульч, өмгөөлөгч Рут Байдер Гинсбургийн бодит намтар түүх, гэр бүл, амьдралынх нь уналт, босолтыг харуулсан тун гайхалтай кино бүтээлийг энэ удаагийн кино тойм буландаа танилцуулж байна. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний эрхийг хамгаалахаар хэрхэн тэмцэж, хичээж байгаа мөн дан ганц феминист бус жендэрийн тэгш эрхийг хамгаалахын төлөө зүтгэгч залуу бүсгүйн түүх юм. 

 Уг бүтээлд кино шүүмжлэгчдээс өгсөн үнэлгээ:

IMDB: 7.1/10

Rotten Tomatoes (кино шүүмж бичдэг сайт): 73%

Common Sense Media: 3/5


Киноны ерөнхий агуулга

1956 онд Харвардын хуулийн сургуульд элсэн орж буй  500 залуусын ердөө ес нь эмэгтэй. Хар хослол өмссөн залуусын дундаас онцгойрон харагдах бүсгүй анхаарал татахгүй байхын аргагүй. Энэхүү залуу хатагтай бол Рут Байдер Гинсбург. Тухайн үед Харвардын их сургууль бараг эрчүүдийн ертөнц мэт байсан үе. Тэрхүү нэгэнт тогтсон ойлголтыг сөрж дөнгөж л эмэгтэй оюутан суралцахыг зөвшөөрч эхлэхэд орсон анхны эмэгтэй элсэгчдийн нэг нь Рут юм. Ингэж киноны үйл явдал эхэлдэг. 

Залуу бүсгүйн жендэрийн тэгш эрхийг хамгаалах чинхүү хүсэл нь хуулийн ангийнхны оройн зоог барих тэрхүү явдлаас үүдэн гардаг. 

Оройн хоолны үеэр сургуулийн захирал Эрвин Грисволд зөвхөн эмэгтэй оюутнуудаас ирж болох байсан өөр залуусын оронд яагаад энд байх эрхтэй вэ гэдгээ тайлбарлахыг шаарддаг.  Одоо сонсоход ойлгоход бэрх энэхүү асуулт тухайн үеийн Харвардын сургууль бусад бүх нэр хүндтэй байгууллагын адил эмэгтэй хүний байх газар биш байсан нь энэхүү асуултаас маш тод харагдана. Ийнхүү хүйсээр ялгаварлалт, дээрэлхэлт амссан ч, тэр бүхнийг үл тоон мэргэжилдээ үнэнч, зорилгодоо бат үнэнч зогсон амжилтад хүрч буй эмэгтэйн түүх юм. Түүний энэхүү 15 жилийн хичээл зүтгэл нь 1970 оны дээд шүүхэд хандахад хүргэдэг. Энэ бол жендэрийн асуудлыг хөндсөн түүхэн шүүх хурал байв.

Ингэснээр бүсгүй анх удаагаа хүйсээр ялгаварлан гадуурхах, тэгш бус байдал, туйлын үнэн мэт нийгэмд гүнзгий шингэсэн шударга бус байдал, хэвшмэл ойлголтыг таслан зогсоох ялалтын эхлэлийг авчирдаг. 



Кино бүрэлдэхүүн

Киноны ерөнхий найруулагчаар Peacemaker (1997), Deep Impact (1998) зэрэг кино болон телевизийн алдартай шоунуудыг найруулж байсан туршлагатай Мини Ледер ажиллажээ. Киноны гол дүрүүдэд Фелисити Жонс, Арми Хаммер нар тогложээ. Английн залуу жүжигчин Фелисити Жонс нь уг киногоороо олонд илүү танигдсан юм.

 


Шүүмж

Миний хувьд энэ кино амьдралдаа үзэж байсан жендэрийн асуудлыг хөндсөн кинонууд дундаас хамгийн сайн нь гэж онцолно. Яагаад гэвэл, зөвхөн аль нэг хүйсийг дээш татах биш эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бидний нийгэмд эзлэх байр суурь эн тэнцүү гэдгийг ойлгуулахыг зорьсноороо эмзэг цэгийг хатгаж, зөв өнцөг гаргаж чадсан гэж дүгнэсэн. Жүжигчдийн ур чадвар, логик уялдаа холбоо, кино хийц гээд бүгд жигд гайхалтай бүтээл. 


Кинонд жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш бус байдлыг онцлон харуулсан эшлэлүүд:


-Эмэгтэй хүн эхнэр, эх хүн болох хувь тавилантай. Энэ бол бүтээгчийн хууль.

-Бүхий л түүхийн явцад эмэгтэй хүн эр хүнээс хамааралтай болох нь батлагдсан. Эрэгтэй хүн хүүхэдтэй адил эмэгтэй хүнийг асрах шаардлагатай. Хуулиар тодотгосон ялгааг зөвтгөхийн тулд…

-Зөвхөн эмэгтэй хүн асран хамгаалагч болох эрхтэй. Учир нь хуульд эмэгтэй хүнийг гэртээ суух ёстой гэж үздэг.


-Хөөе нороод байгаа бол дулаацуулаад өгье /Барилга дээр ажиллаж буй залуусын нэг/

Охин: -Өө тийм үү, ямар сайхан юм бэ? Чи наад амаараа ээжийгээ үнсдэг үү шаар минь!

          -Ээж ээ, Эрчүүдэд ингэж хүлцэнгүй хандаж болохгүй ээ…

-Өөрийгөө хардаа Жэй. Чи аймшиггүй зоригтой залуу бүсгүй болжээ. Зуун жилийн өмнө чамд ингэж хэлэх эрх хумхын тоосны чинээ ч байхгүй байлаа...


Киноны сүүлийн хэсэгт хэлдэг үг:

Хууль тогтоомжийг ашиглан эмэгтэйчүүдэд ялгавартай ханддаг хатуу, хуучирсан тогтолцоогоо халах цаг нь ирлээ гэдгийг тэрбээр сүүлийн хэсэгт тунхагладаг. Хуулиар дамжуулан хүйсийн ялгаварлалыг улам бүр гааруулах нь хэрээс хэтэрч, үндсэндээ хууль хүн төрөлхтний хүйсийн тал хувь эмэгтэйчүүдийн эсрэг байгааг илчилнэ.

Иймэрхүү хүнлэг бус хуулиуд эмэгтэй хүнийг торонд хорьж буйгаас өөрцгүй. Сара Кринкэ энэ талаар “Би хүйсээ сонгож төрөөгүй. Ердөө л ахан дүүс минь хүзүүн дээр гишгэсэн хөлөө авахыг гуйж байна” гэж хэлсэн юм. Энэ үгс тус киноны үндсэн санааг бараг тэр чигээр нь илэрхийлсэн гэж хэлж ч болно. Яагаад эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Тэр илүү ихийг бус зүгээр л тэгш байдлыг хүсэж зоригтойгоор дуугарсан зоригтон, хүний эрхийн төлөө тэмцэгч, түүхэн эмэгтэй юм.



Бодит амьдрал дээрх Гийнсберг ба түүний гэр бүлийн тухай

Рут Байдер Гийнсберг нь Хүний эрхийн хорооны эмэгтэйчүүдийн эрхийн төслийг хамтран үндэслэсэн юм. Тэр өөрийнхөө үеийн жендэрийн тэргүүлэгч өмгөөлөгч болж АНУ-ын дээд шүүхэд хэд хэдэн томоохон ялалт байгуулж байжээ. 1993 оны 6 дугаар сарын 14-нд Рут Байдер Гийнсбергийг АНУ-ын дээд шүүхэд нэр дэвшүүлжээ. Сенат 96:3-ийн харьцаатайгаар түүнийг дэмжсэн юм. 

Нөхөр Мартин Гийнсберг нь Америкийн хамгийн нэртэй татварын өмгөөлөгч болж, Жорж Таун хуулийн их сургуулийн хүндэт профессор болжээ. Тэр 2010 онд хуримынхаа 56 жилийн ойн өдрийн маргааш хорт хавдар өвчний улмаас нас барсан аж.

Охин Жийн Гийнсберг нь 1980 онд Харвардын хуулийн сургуулийг төгсөж, өнөөдөр Колумбийн их сургуульд профессороор ажиллаж буй.

Хүү Жамес Гийнсберг нь сонгодог хөгжим продьюсорлож, Сэттл Рекордсийг байгуулжээ. 


Холбоотой сэдвүүд

кино жендэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.