Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийж, "Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хуралд ажиглагчаар оролцох, мөн тус шүүх хурлын үеэр шүүхийн шийдвэрийг зөв шударга гаргахад иргэдийн анхаарлыг хандуулж нөлөөлөх зорилгоор тайван жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл тайван жагсаал зохион байгуулах болон шүүх хуралд ажиглагчаар оролцох Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг  тус тус ирүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Иргэдийг сошиал орчинд нэгдэж, бяцхан охин амиа алдсан хэргийг хуулийн дагуу шударга шийдвэрлэхэд хүчээ нэгтгэхийг уриалж байна" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.

Тус хэргийг шүүх хурал 11 дүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.