Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын шийдвэрээр тус сумын ойн санг 10 жилийн гэрээгээр эзэмшдэг байсан “ГД моторс”, “Хөвөнтэй ой”, “Жунгли”, “Мандал”  гэсэн дөрвөн нөхөрлөлийн гэрээг цуцалжээ. 

Эдгээр нөхөрлөл өөрсдийн ойн нөхөрлөл санг сэргээх, цэвэрлэх, ан амьтан үржүүлэх, хортон шавьжаас хамгаалах үүргийг гүйцэтгэх байсан ч хэрэгжүүлээгүй ажээ. Ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлүүдийг тухайн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байшин барих, амралтын газрын үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна. Гэтэл зарим нь ан амьтан үржүүлж, ойн санг хамгаалах нэрийдлээр амралтын газар байгуулсан байжээ. 

Мөн “Хөвөнтэй ой” нөхөрлөл нь гэрээний тайлангаа цаг хугацаандаа ирүүлээгүй, эзэмшлийн газартаа таван байшин барьсан байна. Иймд дээрх нөхөрлөлүүдийн гэрээг цуцалж өөр байгууллага, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг