ОХУ-ын Засгийн газар тэтгэврийн насыг нэмэх төлөвлөгөө гаргасантай холбогдуулан тус улс даяар эсэргүүцлийн жагсаал болсон байна. Жагсагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаарджээ.

Өчигдөр болсон энэхүү жагсаалыг ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный уриалсан байна. Эрх баригчдын мэдээлснээр, Москва хотын төв талбайд болсон жагсаалд 2000 орчим иргэн оролцжээ.

ОХУ-ын Засгийн газар тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гарах болж байгаа бөгөөд энэ төлөвлөгөө нь ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Өнгөрсөн зургадугаар сард уг төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсны дараа В.Путины дэмжигчдийн үнэлгээ 80-аас 65 хувь болж буурсан байна.

ОХУ-ын иргэдийн дундаж наслалт 70 байдаг бөгөөд үүнийг АНУ болон Европын орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг