ОХУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компанийг хамтран эзэмшигч Наталья Филевагийн хувийн нисэх онгоц Германд осолдсоны улмаас тэрбээр амиа алдсан байна.

Н.Филевагийн сууж явсан онгоц Франкфурт хотын Эгельсбах нисэх онгоцны буудалд газардах үеэрээ осолджээ. Тэрбээр Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог бөгөөд агаарын тээврийн “Siberia Airlines”/S7/ компанийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ.

“Ослын улмаас онгоцны нисгэгч болон өөр нэгэн зорчигч мөн амиа алдсан” гэж Германы эрх баригчдын мэдээлснийг тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна. “Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна” гэж “S7” компаниас мэдээлжээ.

Уг хувийн нисэх онгоц нь Францын Канн хотоос хөөрсөн байна. “Нисэх онгоц орон нутгийн цагаар 15 цагийн орчимд хяналтын самбараас сураггүй болсон” гэж нисэх онгоцны мэдээллийн “Flightradar24” компани мэдээлсэн байна.

55 настай Н.Филева 600 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн “Forbes” сэтгүүл тооцоолж байжээ.

“S7” компаниас Н.Филевагийн гэр бүл болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн ослыг мөрдөн шалгах ажиллагааг ОХУ болон олон улсын мэргэжилтнүүд явуулна гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ цагдаагийн ажилтнууд ослын газар руу явж байх үедээ нисэх онгоцны буудлын ойролцоо өөр машинтай мөргөлдөж, улмаар хоёр хүн амиа алдаж, гурван цагдаа хүнд гэмтэл авсан тухай Германы “DPA” агентлаг мэдээлжээ.

“S7” компани нь “Aeroflot” компанийн гол өрсөлдөгч ба 26 орны 181 хот руу 96 онгоцоор нислэг үйлддэг ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters