ОХУ-ын Спортын яам оны шилдэг тамирчдыг нэрлэжээ. Шагнал гардуулах ёслол Москва хотод болсон байна.

Оны шилдэг тамирчны “Оросын бахархал” төрөлд Санкт-Петербургийн хоккейн СКА багийн довтлогч, олимпын аварга Павел Дацюк шалгарчээ. Оросын шигшээ баг Пёнчаны өвлийн олимпын наадамд алтан медаль хүртсэн юм.

Түүнчлэн энэ шагналыг уран гулгалтын олимпын аварга Алина Загитова хүртжээ. Энэ жил тэрбээр олимпын наадмаас алтан медаль хүртсэн бөгөөд Оросын болон Европын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан юм.

Оны шилдэг дасгалжуулагчаар Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов тодорсон байна. Түүний шигшээ баг түүхэндээ дээд амжилт үзүүлж, ОХУ-д болсон Хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа ¼  шигшээд хүч үзэхээр тунаж үлдсэн юм.

Шагналын эздийг алдартай тамирчид, спортын холбоодын тэргүүнүүд болон  мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчид сонгосон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ