НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн теннисчин Серена Уильямс “Forbes” сэтгүүлээс гаргадаг өөрийн хүчээр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан анхны тамирчин болжээ. Энэ тухай “Forbes” твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

Өдгөө 37 настай тамирчин бүсгүйн хөрөнгө 225 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн теннисний холбооны /WTA/ мэдээллээс үзвэл, Серена Уильямс спортын замналынхаа хугацаанд 88.5 сая ам.долларын шагнал авчээ.

Серена Уильямс карьерынхаа туршид WTA-гийн тэмцээнүүдэд 72 удаа, Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа аваргалжээ. Тэрбээр WTA-гийн чансааг 186 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Германы тамирчин Штеффи Графтай эхний байрыг хуваалцдаг байна.

Серена Уильямс нь Олимпын дөрвөн удаагийн аварга юм. 2012 оны Лондоны Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол, Сидней, Бээжин, Лондоны наадамд эгч Винус Уильямсын хамт хосын төрөлд алтан медаль хүртсэн билээ.

“Forbes” сэтгүүл өөрийн хүчээр хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтаа лхагва гарагт нийтлэх аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг