XVIII Азийн наадмын онцлог болон онцлох тамирчид

Б.Баясгалан
08 сарын 17, 2018

18 дахь удаагийн Азийн Наадамд оролцохоор 12000 тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс хуран чуулаад байна. Жакарта хотод 6 томоохон байгууламжид хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа сорих тамирчид нь дэлхийн хүн амын 2/3-ынх нь төлөөлөл болж буйгаараа онцлогтой.

Эдгээр тамирчид спортын 40 төрлөөр өрсөлдөх юм. Ингээд та бүхэнд тэмцээний онцлох төрлүүд болон зарим нэг онцлох тамирчдыг сонирхуулж байна.

Хамгийн ахмад тамирчнаар Малайзын багийн хөзрийн бридж төрлийн тамирчин Ли Хун Фон тодроод байна. Тэрбээр ийнхүү 81 насандаа анх удаагаа Азийн Наадамд орж байгаа бол түүнээс 70 насаар дүү скэйтбоордын тамирчин мөн шигшээ багтаа багтсан. Иан Нуриман Амри хэмээх 11 настай тамирчин мөн Малайзын багт багтаж иржээ.

Энэ удаагийн Азийн Наадамд үзэгчдийн сонирхож үзэх ёстой, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдэд харин Сепак Такрав буюу воллейбоолын хөлөөрөө тоглодог төрөл, параплан, пэнчак силат хэмээх Индонезийн уламжлалт тулааны урлагийн төрөл, ролькын уралдаан,  спорт авиралт, скэйтбоорд, карате, софтбоол гэх мэт 2020 оноос Олимпийн төрөлд багтсан төрлүүд багтаж байгаа юм. Мөн e-sport нь энэ удаагийн Азийн наадамд танилцуулах спортоор багтсан билээ. League of Legends болон Pro Evolution Soccer гэх мэт төрлүүдээр цахим спортын тамирчид оюун ухаанаа сорино.

Эдгээрээс гадна Азийн Наадамд өрсөлдөж буй дэлхийн алдартай тамирчдыг танилцуулбал БНСУ-ын болон Английн Пример лигийн Тоттэнхэм багийн хөлбөмбөгчин Сон Хён Мин, NBA-ын Кливлэнд Кавалерс багийн болон Филиппин улсын сагсан бөмбөгч Жордан Кларксон,  БНХАУ-ын тамирчин, усанд сэлэлтийн Олимпын гурван удаагийн аварга Сүн Ян болон 10 секундээс бага хугацаанд 100 метрт гүйгч Сү Бинтян нараас гадна скуашын спортын домог Никол Дэвид Малайзыг төлөөлөх бол бадминтоны спортын дэлхийн чансааг тэргүүлэгч Японы тамирчин Кэнто Момота нарыг дурьдаж болно.

Харин тус наадмын хамгаалалтыг маш өндөржүүлсэн байгаа юм. Учир нь 3 сарын өмнө Сурабаяа хотод нэгэн амиа золиослогч халдлага үйлдэж 13 хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор 100000 хүчний байгууллагын албан хаагчид тамирчид болон үзэгчдийн амар тайвны төлөө зогсож байгаа бол нэмэлт хүч болж мөн адил тооны цагдаа цэргийнхэн бэлэн байдалд байгаа аж.



Эх сурвалж: SPS



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.