Олимпын наадмаас медаль хүртсэн Ираны цор ганц эмэгтэй тамирчин Кимия Ализадех эх нутгаа орхиж, Европыг сонгожээ.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр инстаграм хуудсаараа Иран улсын албан тушаалтнууд сая сая бусад эмэгтэйн адил “боломж нь таарсан үед” өөрийг нь дарамталж, утсан хүүхэлдэй болгодог хэмээн мэдэгдсэн байна. 

“Тэд намайг хүссэн газар руугаа авч явдаг. Би тэдний өмс гэсэн хувцсыг өмсөж, хэлэхийг даалгавар болгосон өгүүлбэр бүрийг нь давтан хэлдэг. Би тэдэнд чухал биш, бидний хэн нь ч тэдэнд хамаагүй. Тэд биднийг хэрэгсэлээ болгодог” гэж 21 настай тамирчны бичсэнийг CNN орчуулан нийтлэжээ.

Иранд хурцадмал байдал үүссэнээс цэргийн хүчин нь Украины онгоцыг буудаж, 176 хүний амийг хөнөөсөн гэж Ал Жазира мэдээлсэн нь Ализадехын дээрх хэлсэн үгийг нотолж буйн илрэл гэж үзэж буй хүн ч цөөнгүй байна.

Гэхдээ Ализадех Ираны геополитикийн талаар тайлбар хийгээгүй ч ард түмнийхээ дарангуйллыг, ялангуяа эмэгтэй хүний гадаад байдал, олон нийтийн зан байдлыг хязгаарласан бодлогыг шүүмжилсэн байна.

Тэрээр “Миний зовж, шаналж буй сүнс танай бохир эдийн засгийн сувгууд болон хатуу улс төрийн лоббинуудтай тохирохгүй байна. Надад Таэквондо, аюулгүй байдал, аз жаргалтай эрүүл амьдрахаас өөр хүсэл байхгүй” хэмээн нэмж хэлснийг Нью-Йорк Таймс мэдээлжээ. 

Ализадех аав болон дасгалжуулагчдаа Ираны ивээн тэтгэлгээр аялж байгаа гэж мэдэгдсэн ба Нидерландаас орогнол хүсэхээр очсон нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ тэрээр сүйт залуу Хамед Маданчигийн хамт Голландын Эйндховен хотод онгоцны ослоор нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолд очжээ.

 

Тэрээр нутгаа орхисон анхны Иран тамирчин биш юм.  Өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр жудо бөхийн од Сайид Моллаэй Токио хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзсаныхаа дараа хавчлагаас айж, Герман улсад дүрвэсэн юм. Тэрээр “Олон тамирчин мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо гарч, хувийн амьдралаа тэнд орхисон” гэж Моллаэй Deutche Welle сонинд ярьжээ. 

"Цунами" гэгддэг Ализадех 2016 оны Бразилийн зуны олимпийн үеэр таеквондогийн 57 кг (127 фунт)-ийн ангилалд хүрэл медаль хүртсэн юм.


Эх сурвалж: nextshark.com