Х.Оргил
05 сарын 19, 2021
Түүх эхлэхийн өмнө: Эртний хүмүүс Монгол нутагт суурьшиж, анхны соёлыг буй болгосон үеэс эдүгээг хүртэлх Монголчуудын түүхийг харуулсан томоохон бүтээл таны гар дээр очиж байна. МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нар “Монгол улсын түүх” номыг туурвихдаа түүхэн үйл явдал, он цагийн хэлхээсийг тоочин бичихээс татгалзан, сэдэв, бүлэг бүрдээ асуудал дэвшүүлж, эх сурвалж, зураг, баримтуудыг түлхүү чигжиж оруулжээ.
Тийм учраас би энэ номыг босон суун гараасаа салгалгүй уншиж, түүхэн үйл явдалд автаж, Монгол Улсынхаа мандан бадарч, уруудан доройтсон үес, дэлхийн түүхэнд үлдээсэн арилшгүй мөрүүдийг мөшгин, баялаг мэдээллээр оюунаа цэнэглэв.
“Монгол улсын түүх” ном нь айл бүрийн номын санд зайлшгүй байх сайхан бүтээл болжээ.
Монголын түүхийг дэлхийн түүхээс салган үзэх боломжгүй Нарны аймгийн 9 гарагийн нэг дэлхий дээр газарзүйн өвөрмөц тогтоц бүхий 5 тивийн, 6 өөр цаг уурын бүсэд олон янзын шашин шүтлэгтэй, дахин давтагдашгүй соёл, түүх бүхий 195 улс оршин тогтнож, дэлхийн нийт хүн амын тоо 7.5 тэрбумд хүрээд байна. Тэд иргэншлийн хувьд нүүдэлчин ба суурьшмал гэсэн оршин амьдрахуйн хоёрхон хэв маягт хуваагддаг. Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол байгальд ээлтэй, хүнд хамгийн дархлаа сайтай соёл иргэншил гэж болно.
Гэтэл нүүдэлчдийн нийгэм бүдүүлэг, зэрлэг хэмээн үздэг европ төвт болон хятад төвт үзэл дэлхийн түүх бичлэгт хүчтэй хэвээр байгаа нь харамсалтай. Сүүлийн үед энэ онолын алдаа мадгийг хүчтэй шүүмжилдэг онолын шинэ чиг хандлага буй болоод байна. Энэ нь нүүдэлчдийн төр, нийгмийн байгууллыг үл ойшоох, овог аймгийн бүтэцтэй, нүүдэлчин ахуйтай, ураг төрлийн зохион байгуулалттай нийгэм гэсэн загвар ойлголт дэлхий нийтэд тогтсоныг шүүмжилж, уг онолоос татгалзаж эхэлснийг хэлж буй ажээ. Үнэндээ бол төр, улс гэдэг ойлголт нь монгол нутагт анхлан биежиж бий болсон.
Улс гэдэг нь тусгаар тогтносон, халдашгүй бүрэн эрхтэй, түүнийг нь дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэсэн нутаг дэвсгэр, хил хязгаартай, эдийн засаг, соёл, зан зашил бүхий хүмүүсийн нэгдэл, холбоо юм. Улс хэмээх үгийн язгуур “газар нутаг”-аа хамгаалах, “улс орондоо эзэн” болох тэмцлийг эхлүүлсэн түүхэн хүн бол монголчуудын хувьд Хүннү гүрний их хаан Модун Шаньюу билээ.
Тэрээр цэрэг зэвсгийн хүчээр улс орноо төвшитгөж, Ази Европыг холбосон дэлхий дээрх нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг үүсгэн байгуулсан нь МЭӨ 209-93 оныг хүртэл оршин тогтнож байлаа. Хүннү гүрэн нь өмнөд талаараа Цагаан хэрэмээс Тэнгэр уул, баруун талаараа Тэнгэр уулаас хойшлон Эрчис мөрөн, Хойд талаараа Эрчис мөрнөөс Амар мөрөн, зүүн талаараа Амар мөрнөөс Сунгари мөрөн дамжин Цагаан хэрэм хүрч байжээ.
Үүнээс хойш бүрэлдсэн Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Кидан улсуудын араас нүүдэлчдийн төдийгүй дэлхий дахинаа алдараа цуурайтуулсан нэгэн их улс мандан дэлгэрсэн нь Их эзэн богд Чингис хааны 1206 онд үүсгэн байгуусан, түүний үр ач нарынх нь 1368 он хүртэл 162 жил залгамжлан удирдсан Их Монгол Улс юм. Их эзэн богд Чингис хаан нүүдэлчдийг эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээр дарах гэж оролдсон Алтан улс, худалдаа наймааны гол сувгийг нь хааж эдийн засгийн аргаар боох гэж оролдсон Тангуд улс, элчийг хөнөөж дипломат ёсыг зөрчин басамжилан доромжилсон Хорезмын вант улс зэрэг тусгаар тогтнолд нь шууд халдсан улсуудтай тэмцэлдэж эрхэндээ оруулсан нь нийт 33 сая квадрат километр нутгийг хамарч байжээ.
Монголчууд ийнхүү дэлхийн түүхнээ хамгийн том, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан юм. Их эзэн богд Чингис хаанаас хойш, түүний үр ач нарын үед Их Монгол Улс улам бүр өргөжин тэлсээр өнөөгийн БНХАУ, Төвд, Монголын нутгийг хамарсан Юань гүрэн, өнөөгийн Казакстан, Киргизистан, Узбекистан, Таджикстан, БНХАУ-ын Шинжаан Уйгарын нутгийг хамарсан Цагаадайн улс, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армян, Азербайджан, Гүрж, Турк, Пакистаны нутгийг хамарсан Ил хаант улс, өнөөгийн Болгар, Крим, Умард Кавказ, ОХУ-ын Астархан мужийг хамарсан Алтан ордны улс хэмээх дөрвөн том засаг захиргааны нэгжид хуваагджээ. Энэ тэлэлт XIII-XV зууны дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлсэн юм.
Монголын эзэнт гүрний хаанчлалын үед монголчууд, өөрсдийн анх санаачилж, “алтан гэрэгэ” бүхий хааны элч нараар дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн дипломат ёс, дипломат хүч, эдийн засгийн хүчийг сонгодог утгаар нь бүрэн ашиглаж, 200 жил ЕвроАзийг төвшитгөн хөгжүүлсэн байна. Газар нутаг, эрх мэдлээ булаалдаж, мөн шашин хоорондын мөргөлдөөний улмаас хэмлэлдэн тэмцэж байсан улсууд Монголын эзэнт гүрний захиргаанд орсноор үймээн самуун, тэмцэл нь зогсож бүх талаар хөгжих, цэцэглэх боломж бүрдсэн.
Энэ бол хөдлөшгүй, гарцаагүй үнэн бөгөөд Монголын түүхийг дэлхийн түүхээс салган үзэх боломжгүй юм. Та “Монгол улсын түүх” номын II, III, IV бүлгээс монгол нутагт хүмүүс суурьшиж, ан гөрөө, аж ахуй эрхэлж, нийлж нэгдэн амьдарснаас эхлээд Монголын эзэнт гүрнийг байгуулан дэлхийг донсолгосон үйл явдлууд, түүхэн зураглал, баримт сэлт тод дүрслэгдсэн байгааг унших болно.
Цааш Монголын эзэнт гүрний дараах үе, XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон, 1911 оны Үндэсний хувьсгал: Монголчуудын сэргэн мандалтын эхэн, Үндэсний ардчилсан хувьсгалын үе, Тусгаар тогтнолын бэхжилт, социализм байгуулах оролдлого, Ардчилал шинэчлэлийн үеийн Монгол Улс хэмээн үргэлжилнэ. Та шимтэн уншаарай. Сонирхуулахад Монголчууд 1911 оны сүүлээр тусгаар тогтносон улсаа байгуулж чадсан.
Энэ үеэс өөрийн улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, үндэстэн-улсын эрх, оршин тогтнолыг түүхээр зөвтгөн тайлбарлахыг Засгийн газар болон хувь хүмүүс оролдох болсон билээ. Тэдгээр оролдлогуудын нэг нь Олноо өргөгдсөн Монгол Улсын албан ёсны түүх болох “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир” хэмээх 2 дэвтэр бүтээл байв. Монгол Улс 1921 оны сүүлээр түүх судлалын анхны байгууллага Судар бичгийн хүрээлэнг байгуулав. Түүнээс 40 жилийн дараа 1961 онд Түүхийн хүрээлэн байгуулагдсанаар түүхийн ухааны мэргэжлийн байгууллага бий болжээ.
1920-иод оны дунд үед Ж.Цэвээн “Монгол Улсын товч түүх”, дараа нь А.Амар “Монголын товч түүх”-ийг бичсэн нь 40-өөд оны дунд үе хүртэл Монголын түүхийн гол үзэх ном болж байв. Дэлхийн II дайны дараа хөрш улсууд монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр БНМАУ-ын түүхийг шинэ онол, арга зүй, агуулга, хандлагаар судлах түүх судлалын хөгжлийн цоо шинэ үе эхэлсэн. Тусгаар тогтносон Монгол Улсын албан ёсны түүхийг ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламж, хяналтын дор 1950, 1960-аад оны дунд үед тус тус бичиж хэвлүүлжээ.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхнээс түүхийг улс төр, үзэл суртлын бүрхэвчгүй бодитоор авч үзэхийг эрмэлзэх болж, түүхчдийн өмнө архив нээлттэй болсон. 1990 оны эхээр Монголд ардчилсан шинэ үе эхэлж, тэр цаг үеэс манай түүхчид хэзээ ч байгаагүй ихээр өнгөрсөн цаг үеийг сонирхон судлах болсон юм. Тэгээд түүхийн судалгааны төрийн болон хувийн хэвшлийн маш олон байгууллага байгуулж, асар олон тооны бүтээлүүдийг туурвиж, хэвлүүлж эхэлсэн.
МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар судлаач эрдэмтэд, тэргүүлэх түүхчид хамтран “Монгол Улсын түүх” хэмээх таван боть зохиол туурвисан билээ. МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нарын хамтран бичсэн “Монгол улсын түүх” ном нь дээрх таван боть бүтээлийн агуулгыг бүрэн багтаасан, жирийн иргэд, түүх сонирхогч хэн бүхэнд мэдлэгээ тэлэх, түүхээрээ бахархах боломжийг олгосон сайхан туурвил болсон юм.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.124.22] ・ 2021.05.21 Хариулах
Хэрэгтэй
Зочин [64.119.18.1] ・ 2021.05.19 Хариулах
Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг. Сайхан бүтээл болжээ. Хаанаас авах вэ?
Санал болгох
1 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
2 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
3 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
4 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
5 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг