АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн талаар танд хэрэгтэй мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

АСУУЛТ 1: Эрхийн шимтгэлийн орлогод ямар төлбөр хамаарах вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу:

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
  • Патентын тухай хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
  • Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
  • Үйлдвэр, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
  • Эдгээртэй адилтгах бусад эрх ашигласны төлбөрүүд хамаарна.

АСУУЛТ 2: Аж ахуйн нэгж нийслэлийн агаарын бохирдлыг болон хог хаягдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив хасагдах зардалд орох уу?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.35.-д “нийслэлийн агаарын бохирдлыг болон хог хаягдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив гэж зааснаар баримтаар нотлогдсон дүнгээр зардалд тусгана.”

АСУУЛТ 3: Аж ахуйн нэгж 8 сард шинээр хөрөнгө эзэмшиж эхэлсэн бол элэгдэл, хорогдлын шимтгэлийг ямар хугацаанаас тооцож эхлэх вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 13 дугаар зүйлийн 13.10.-д “Албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцно.” гэж зааснаар 8 сард үндсэн хөрөнгө олж эзэмшсэн бол 4 дүгээр улирлын эхний өдөр буюу 10 дугаар сарын 01-нээс эхлэн элэгдэл, хорогдлын шимтгэл тооцож эхэлнэ.

АСУУЛТ 4: Аж ахуйн нэгж нь ямар орлогоос шатлалаар буюу 25 хувиар албан татвар ногдуулах вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3.0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

-АСУУЛТ 5: Аж ахуйн нэгж нь нарны цахилгаан үүсгүүр худалдан борлуулсан бол татварын хөнгөлөлтөнд хамрагдах уу?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.-д “байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.” 18.4.-д “Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.” гэж тус тус заасан. Засгийн газрын 2013 оны 303 дугаар тогтоолын хавсралт /Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник тоног төхөөрөмжийн жагсаалт/-д нарны цахилгаан үүсгүүр гэсэн нэрээр байгаа тул тухайн борлуулалтын орлого нь татвараас чөлөөлөгдөнө.

АСУУЛТ 6: Хоршоонд маань хараагүй иргэн ажилладаг бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хөнгөлөлтөнд хамрагдах уу?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4.-д “25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлогыг албан татвараас чөлөөлнө.” гэж заасан. Тухайлбал танай хоршоо 27 ажилтантай гэж үзвэл нийт ажиллагсдын 2/3 хувь буюу 18-аас дээш хараагүй ажилтантай бол танай хоршооны борлуулалтын орлого татвараас чөлөөлөгдөнө.

АСУУЛТ 7: Япон улсаас санхүүгийн түрээсээр үндсэн хөрөнгө худалдаж авсан. Санхүүгийн түрээсийн төлбөр шилжүүлэхдээ ямар татвар суутгах вэ?

-Монгол улс, Япон улсын Засгийн газар хооронд давхар татварын гэрээгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар:...в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого; тус тус зааснаар зөвхөн санхүүгийн түрээсийн хүүгийн орлогоос 20 хувийн албан татвар суутгана.

АСУУЛТ 8: Аж ахуйн нэгж нь ноос, ноолуураар бэлэн хувцас үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлт эдлэх үү?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.14.Энэ хуулийн 7.3-т зааснаар тодорхойлогдох татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө:
19.14.3.нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл;
19.16.Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтийг үзүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална. гэж тус тус зааснаар танай компанийн үйлдвэрлэл нь Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29 -ний өдрийн 103 тоот тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”- ийн 2 хавсралтанд заасан нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэлийн тодорхойлолтонд тусгагдсан бөгөөд жилийн татвар ногдох орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байвал тухайн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох татварыг 90 хувь хөнгөлнө.

АСУУЛТ 9: Аж ахуйн нэгж орлогын албан татварын тухай хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтийг эдлэхдээ жилийн борлуулалтын орлогыг яаж тооцох вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15.Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтөд хамрагдах албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдох орлогыг тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно. гэж зааснаар албан татвар ногдох орлогыг тодорхойлно.

АСУУЛТ 10: Аж ахуйн нэгж нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хуулийн заалт байгаа юу? 

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.14.Энэ хуулийн 7.3-т зааснаар тодорхойлогдох татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө:
19.14.2.хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
19.16.Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтийг үзүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална. гэж тус тус зааснаар танай компанийн үйлдвэрлэл нь Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29 -ний өдрийн 103 тоот тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”- ийн 2 хавсралтанд заасан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тодорхойлолтонд тусгагдсан бөгөөд жилийн татвар ногдох орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байвал тухайн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох татварыг 90 хувь хөнгөлнө.

АСУУЛТ 11: Монгол улсын аж ахуйн нэгж нь гадаад улсад олсон орлогоос татвар төлөх үү?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад олсон, энэ хуулийн 7.3–т заасан үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсны орлогыг; мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно. гэж зааснаар тус хуулийн дагуу татвар ногдуулах орлогоо тодорхойлж татвараа төлнө.

АСУУЛТ 12: Аж ахуйн нэгж өөр компанид үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт бараа авсан бол татвар ногдох орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаа зүйлийн 7.5.Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно. гэж зааснаар аж ахуйн нэгж тус бүр орлогоо тодорхойлж тайлагнана.

АСУУЛТ 13: Аж ахуйн нэгжтэй харилцан хамаарал бүхий этгээд гэж ямар этгээдийг ойлгох вэ?

-Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.4.“Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:
6.1.1.энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;
6.1.2.ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;
6.1.3.аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог. гэж тус тус зааснаар ойлгоно.

АСУУЛТ 14: Харилцан хамаарал бүхий этгээдтэй гүйлгээ хийсэн бол ямар тайлангийн маягтаар тайлагнах вэ?

-ТЕГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн А/96 тоот тушаалаар батлагдсан “Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил, үйлчилгээ, барааны гүйлгээний тайлангийн маягт” “Маягт ХХМ-01”, маягт нөхөх зааврын дагуу татвар төлөгч хагас, бүтэн жилээр тайлагнана.

АСУУЛТ 15: Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн татварт хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9.Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ. гэж зааснаар гадаад улсад төлсөн татварын мэдээллийг үндэслэн монгол улсад төлөх албан татвараас хөнгөлнө.

Эх сурвалж: Монгол Улсын Татварын алба