Монголын банк бус санхүүгийн байгууллагууд зорилтот бүлгийн 1000 өрхийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэсэн уламжлалт арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж, эх орны ирээдүй болсон нийт хүүхэд багачуудад сурлагын амжилт хүсэж, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүрийн хичээлийн жилийн өмнө зохион байгуулдаг “1000 цүнх аян”-ыг энэ удаа холбооны гишүүн 30 гаруй байгууллага дэмжин оролцов. Энэ жил олон хүүхэдтэй, орлого бага 1000 гаруй өрхийг өөрсдөө биечлэн судалж, 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж гардуулан өгсөн юм.

Олон хүүхэдтэй айл өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригийг нь бадраах зорилготой тус аян дөрөв дэх жилдээ зохиогдож буй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачилгыг гаргадаг үр дүнтэй арга хэмжээ болжээ.