Зайлшгүй шалтгаанаар Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэд хотоос гарахаасаа өмнөх 72 цагийн дотор коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн журмыг цуцалсан гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ. Энэ талаар Нийслэлийн Шуурхай штабаас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Заавал 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Мөн тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсан байх шаардлагатай" гэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Коронавирусийн халдвар аваад нас барсан хүмүүсийн тоо 88 боллоо. Тэд яг коронавирусийн хүндрэлээр нас барж байна уу, өөр суурь өвчтэй, дархлаа сул байснаас нас барж байна уу. Спутник V вакцин хэзээ, хэр хэмжээтэй ирэх вэ. Хөл хорионы үед тариалангийн салбарынхан ажиллаж байгаа. 

Дүүрэг дээрээ PCR шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан байхад бусад аймгийн нутаг дэвсгэр дэх тариалангийн талбай дээр очиж ажиллахад постоос нь өдөр бүр нэг хүнээс 25.000 төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ авч байна. Энэ нь иргэдэд эдийн засгийн хүндрэл үүсгэж байна. 

Ингэж дахин шинжилгээ авах шаардлагатай юу, орон нутаг хоорондын үл ойлголцлын цаана иргэдэд чирэгдэл үүсэж байна. Үүнд хариулт өгөөч" хэмээн асуулаа.

Хариултад нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нас барсан хүмүүсийн олонх нь архаг суурь өвчтэй байна. Ялангуяа элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, хорт хавдар, архаг бронхит, артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүс хүндэрч, амьсгалын дутагдалд орсноос нас барж байна. PCR шинжилгээгээр бүгд коронавирусийн халдвартай нь батлагдсан. Гэвч үндсэн суурь өвчний улмаас уу, коронавирусийн улмаас нас барсан уу гэдгийг задлан шинжилгээнд оруулан шинжлэх боломж өнөөгийн байдлаар манай улсад байхгүй. Нас барсан хүмүүсийн 3 нь вакцины эхний тун хийлгэсэн, бусад нь хийлгээгүй байсан.

Спутник V вакцин 5 дугаар сарын дундуур ирнэ. Нэг сая тунг авна гэсэн төлөвлөлт, гэрээ хэлэлцээ хийсэн. Яг хэдний өдөр орж ирнэ гэсэн нарийн хуваарь одоогоор ирээгүй.

Орон нутаг руу зорчих гэж буй хүн 72 цагийн дотор PCR шинжилгээ өгдөг байсныг болиулсан. Тухайн иргэн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол ямар нэгэн шинжилгээ шаардахгүйгээр орон нутаг руу зорчиж болно.

Тэгэхээр орон нутаг явж буй иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй. Постууд дээр түргэвчилсэн шинжилгээ аваад гаргах үүрэг өгсөн. Зарим аймгийн онцгой комисс түргэвчилсэн тестийг төлбөртэй авч байна мэдээлэл ирсэн. Засгийн газар, УОК-оос ийм чиглэл өгөөгүй. Тухайн аймаг бүрийн онцгой комисс шийдвэрлэнэ.

Улаанбаатараас орон нутагт очсон иргэд 7 хоног тусгаарлагдана. Энэ хугацаандаа 2 удаа түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгнө" хэмээлээ. 

PCR шинжилгээ шаардахгүй гэж Эрүүл мэндийн сайд мэдээлсэн ч хотоос гарах постууд дээр иргэдээс заавал шинжилгээний болон орон нутагт очих зөвшөөрлийн бичиг шаардаж байгаа гэж НОК-ын 11321731, 18001200 дугаарууд хариуллаа.

Хөл хорионы энэ үед зайлшгүй тохиолдол буюу дараах шалтгаанаар Улаанбаатараас орон нутаг руу зорчуулж буй.

Ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийг зорчуулна.