Боб Проктор бол Америкийн алдарт судлаач, зохиолч, лектор, “The Secret” баримтат киноны Таталцлын хуулийн тухай тайлбарлагч дүрээр олон нийт түүнийг сайн танина. Түүний “Орон зай ба цаг хугацаа” лекцийн хэсгээс товч хүргэж байна. 

Та яагаад хамаатан, садантайгаа адилхан вэ? Та яагаад аав, ээж эсвэл эмээ, өвөөтэйгээ ижил зуршил, онцлогтой юм бол? Эсвэл та яагаад юу ч хийсэн бай байнга нэг л үр дүнд хүрээд байна вэ? Яагаад өндөр боловсролтой, эрдмийн зэрэг цолтой, бизнесийн туршлагатай хүмүүс нэг их өндөр амжилтад хүрч чаддаггүй вэ? Харин дунд сургуулиа ч төгсөөгүй хүмүүс хэрхэн хэдэн сая доллар олж, том компани байгуулж чаддаг юм бол? Та эдгээр асуултыг өөрөөсөө асууж байсан уу? Би бол асууж байсан. Би эдгээр асуултыг өөртөө 55 жилийн турш тавьсан. Тэгээд би хариултыг нь олсон. 

Бидний оюун ухаан бүх зүйлийг хянаж байдаг

Доктор Ж.Б.Райансын хэлж буйгаар оюун ухаан бол хорвоогийн хамгийн агуу хүч. Хүний дотоод ухамсарт парадигм гэж нэг зүйл байдаг. Парадигм гэдэг нь бидний зуршил, зуршлуудын нийлбэр. Харин зуршил бол далд ухамсарт суусан санаа. Энэхүү далд ухамсраас гарсан санааг хэрэгжүүлэх үйлдлийг үйлдэхэд оюун ухаан оролцдоггүй. Үйлдэл хийснээр хариу үйлдэл үүснэ. Ийнхүү үйлдэл ба хариу үйлдэл нийлж бидний бодит амьдралыг бүтээж байдаг. Бид генийн түвшинд программчлагдсан учир хамаатан садны хүмүүстэйгээ адилхан. Гэхдээ хорвоод мэндэлсний дараа биднийг хүрээлэн буй орчин маань программчилна. Тухайлбал, та АНУ-ын Нью Жерсид амьдардаг католик шашинтай айлд төржээ. Төрсний дараахан таныг Хятад улсад аваачин, буддын сүм хийдэд орхисон. Тэнд хэн ч англи хэлээр ярьдаггүй. Олон жилийн дараа та буддын шашинтай, Хятад хэл, соёлтой хүн болсон байх болно. 

Бидний хүүхэд ахуйд тохиолдсон үйл явдлууд дотоод ухамсарт нөлөөлдөг

Ийнхүү бид генийн түвшинд болон орчны нөлөөгөөр программчлагддаг. Хүүхэд тодорхой насанд хүрэхэд далд ухамсрын дэргэд нь оюун ухаан хөгжиж эхэлнэ. Оюун ухаан нь сонсох, харах, мэдрэх, амтлах, үнэрлэх гэсэн таван мэдрэхүй дээр тулгуурладаг. Мөн дээд мэдрэхүй болох хүлээн авах чадвар, зөн совин, дур зориг, логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар гэсэн гайхалтай чадварууд бидний оюун ухаанд хадгалагдаж байдаг. 

Бидний оюун ухаан руу урсан орж байдаг нэгэн энергийн тусламжтайгаар бид хүссэн бодлоо боддог. Бид ихэнхидээ юуны тухай боддог гээч? Далд ухамсрын парадигмд нийцсэн бодлуудыг боддог. Учир нь бие махбодийн ялгаруулж байдаг хэлбэлзлийг парадигм хүлээж авна. Оюун ухаанаар дамжин энерги биед очиж, бүхий л биеэр тархан урсана. Энерги анх биед нэвтрэхдээ ямар нэгэн хэлбэргүй байдаг. Тэрхүү энергийг бид бодлынхоо тусламжтайгаар сөрөг эсвэл эерэгээр цэнэглэнэ.

Таны парадигмд Х бодол байлаа гэхэд та Х бодлыг л бодох болно. Та ядуу зүдүү амьдрах нь хэвийн гэсэн парадигмтай өссөн бол түүгээрээ л цаашид сэтгэнэ. Хэзээ ч баян, тансаг амьдралыг босгохгүй. Бүх учир бодолд байдаг. Та хичнээн баян болох юмсан, баяжих боломжтой гэж бодох ч гэсэн таны парадигмд энэ бодол санаа сууж өгөөгүй л бол бүтэшгүй. 

Таны оюун ухаан руу урсан нэвтрэх энергийг авч түүгээрээ юу ч хийсэн болно. Энергийн тусламжтайгаар парадигмд тохирсон бодол санаа боловсрогдож байдаг. Харин парадигм нь биеэс ялгарах хэлбэлзлийг тодорхойлж өгнө.

Хэрэв та Х биш Y бодлыг бодох юм бол хэлбэлзлийн үл нийцэл үүсч тав тухгүй болдог. Жишээ нь, Y бодол гэдэгт ажлаа хаяад, байшингаа зараад бизнес эхлүүлэх гэсэн санаа байж болно. Энэ бодол таныг айлгана. Учир нь энэ бодол таны парадигмд харшилж байна. Таны парадигм таны амьдралыг хянаж байдаг. 

Маш ухаантай, боловсролтой хүн онцлох амжилтад хүрч чадаагүй, эсвэл боловсрол эзэмшээгүй, туршлагагүй хүн гайхмаар амжилтад хүрч, саятан тэрбумтан болсон түүхийг бишгүй л сонсож байсан байх. Яагаад вэ гэж үү? Бүх учир парадигмд байдаг. 

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд амьдралаа өөрчлөхийн тулдпарадигмаа өөрчлөх хэрэгтэй. Та энэ талаар сайн бодож тунгаагаарай. Би үүнийг 55 жилийн турш судалсан. Би сэтгэл судлаач, сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч, хувь хүний хөгжлийн мэргэжилтнүүд гээд олон зуун хүнтэй ярилцаж, олон арван улсаар аялж лекц уншиж байсан. Бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн.


Эх сурвалж: Eco-net