Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018”-ийн нээлтийн ёслол  Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д болов.

58 дахь удаагаа болж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 5-аас 11 дүгээр сарын 23 хүртэл үргэлжлэх юм. Арга хэмжээг нээж ОХУ-аас онгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын  үг хэлсэн бөгөөд  хоёр улсын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэн худалдаа, “Кросс” соёлын хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монгол, Оросын кино наадам болно. Мөн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, багш нарын дунд шүлэг, дууны тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Энэ үеэрРЦНК-ийн ахлах референт, орчуулагч Валидмир Сергеевич, “Манай хоёр орон жилийн нөхөрсөг, найрамдалт харилцааны түүхтэй. Найрамдлын өдрүүдийн хүрээнд Монголын 21 аймгийг хамарсан “Орос хэлний баяр” хийнэ. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад явуулж, шилдгээр шалгарсан хүүхдүүдийг ОХУ-ын их сургуульд үнэ төлбөргүй сурах эрхээр шагнана. Одоогийн байдлаар Монгол РЦНК-ийн 17 орос хэлний салбар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 7 нь нийслэлд, 10 нь орон нутагт бий. Эдгээр салбарууд иргэдийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж ажилладаг” гэв.

НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг орос хэлийг зөвхөн төрөлх улсад нь бус өөр олон оронд түгээмэл хэрэглэдэг байна. Орос хэлийг Беларус, Казахстан болон АНУ-ын зарим бүс нутагт мөн хэрэглэдэг.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг