Б.Баясгалан
10 сарын 21, 2018
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг Орос улс зөрчиж байгаа учир манай улс тус гэрээнээс гарна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Невада муж улын дэмжигчиддээ үг хэлснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-ын энэ гэрээнээс гарах тухай шийдвэрийг тус улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Москва хотод айлчлах үеэрээ Оросын удирдлагад мэдэгдэх аж.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж байна гэж АНУ анх 2014 оны 7 дугаар сард Оросыг буруутгаж байжээ. Үүний дараа ОХУ-ын зүгээс няцааж байсан АНУ-ын эрх баригчдын энэ талаархи мэдэгдэл хэд хэдэн удаа давтагдаж байсан юм. Энэхүү хэлэлцээрт Зөвлөлт Холбоот улс болон АНУ 1987 оны 12 дугаар сарын 8-нд гарын үсэг зурж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.