Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т хуулиар олгосон чиг үүргийн нэг нь хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хүний эрхийг хангах, хамгаалах талаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих юм.

Тус чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны зургадугаар сарын 19-нөөс 22-ны хооронд “Оюу Толгой” уурхайн ил болон далд уурхайд ажиллаж буй ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Комиссоос уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн хяналт шалгалт "Оюу Толгой" компанийн Улаанбаатар хот дахь төв оффиссын ажилчидтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, баримт бичигт хийх дүн шинжилгээгээр үргэлжлэх аж. 

Энэхүү шалгалтын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаар ахлуулсан ажлын хэсэг ажиглагчаар ажиллаж байгаа ажээ.