Төгсөөд ажлын байр байхгүй атлаа ямар нэгэн, их дээд сургуулийн дипломтой болчих юм шиг төөрөгдөл гуч шахам жил үргэлжлээд одоо жаахан цэгцэндээ орж байх шиг байна. Хүн бүр дээд боловсролтой боллоо гээд амьдралд түй ч нэмэр болохгүй бол хэцүү. Харин мэргэжилтэй, дадсан ур чадвартай болбол түүгээрээ амьдралаа сайхан аваад явчих боломжтой.

Австралийн ахлах сургуулийн шилдэг төгсөгч үг хэлэхдээ “Би чадварлаг гагнуурчин болоод сайхан амьдрахыг хүсч байна” гэдэг бол манайд хэрэв тэгвэл юу болох бол доо. Бүр гайхаад сүйд болох биз. Энэ бол сэтгэлгээний зөрүү.

Ийм сэтгэлгээ хийгээд хандлагын зөрүү биднийг дэлхийд хөгжлөөрөө урд биш ард явахад хүргээд байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа олон хүн бий. Манайхны хандлага тэднийг гэртээ суугаад аюулгүй орчинд, халамжийн хэдэн төгрөгөөрөө сууж байхыг зөв гэж үзнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн халамж бодлогоороо дэлхийд тэргүүлдэг австраличууд тэднийг бусадтай адилхан нийгмийн амьдралд оролцож, ажил хийж, амьдралаа авч явах ёстой гэж үзнэ. Манайхан өөрсдийнхөө хандлагыг бараг илүү хүмүүнлэг гэж ойлгодог байх. 

Уучлаарай, харин тэднийг өөр гэж үзэлгүй харин адил хандах нь тэр хүмүүст хэрэгтэй байдаг.

Жинхэнэ хүмүүнлэг харилцаа нь тэр. Нийгэм нь, гэр бүл нь хүрээлэн байгаа хүмүүс нь төрсөн цагаас нь тэгж хандаж, дор хаяж харцаараа тэгж хэлээд байдаг болохоор тэр хүмүүс тэгээд үлдэх нь зөв мэт бодчихдог билээ.


Тухайлсан тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль манайд бий. Бүр социализмийн үеэс л байсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ ханддаг бидний хандлага, нийгмийн сэтгэл зүй заримдаа тэр газрыг мартахад хүргээд байна уу. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийг зорин очиж суралцагсад харин санасныг бодоход их биш. Уг нь гэртээ хаалганы цаана үлдсэн олон хүнд хамгийн хэрэгтэй газар бол энэ сургууль шиг санагддаг. Хичээлийн шинэ жилийн элсэлт нь эхлээд бас зарим мэргэжлүүд дээрээ нэмэлт элсэлт авч байгааг дуулаад илүү олон хүн мэдээсэй гэж санагдсан. Үнэндээ тэр мэргэжлүүд нь маш чухал хэрэгцээтэй модон эдлэлийн мужаан, сийлбэрч, гар утас, телефон аппаратын засварчин гээд бод доо.

Ер нь энэ сургуульд бүрэн хараагүй хүнээс бусад бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурах боломжтой арав гаруй мэргэжлээр сургадаг юм билээ. Дээрхээс гадна тогооч, бэлэг дурсгал урлаач, оёдолчин, мужаан, дохионы хэлний багш, цахим ажилтан, мэдээллийн ажилтан гээд явна шүү дээ.


Хэрэв эцэг эх нь, тухайн хүн өөрөө зориод ирэх юм бол суралцах чадвар, бэрхшээлийн байдал, суурь мэдлэг гээд олон талаас нь мэргэжлийн эмч, багш нар үнэлгээ хийгээд хамгийн сайн тохирох мэргэжлийг нь санал болгодог ажээ.

Ингээд хоёр жил суралцахад бас өөртөө тохирсон мэргэжил эзэмшиж, ур чадвартай болчихсон хүмүүс бэрхшээлийн ард хаалганы цаана үлдэхгүй нийгмийн харилцаанд ороод явчих бүрэн боломжтой. Бас ирц нь хангалттай оюутан сар бүрийн 200 мянган төгрөгийн тэтгэлгээ авна. Өөрийн гэсэн дотуур байртай учраас хөдөө орон нутгаас мэргэжилтэй болохоор зориод ирсэн 18-45 насны хэнд ч нээлттэй.

Гэхдээ зарим тохиолдолд мэдлэг, чадамжийн хувьд бас шууд ангидаа ороод суралцаад явах боломжгүй хүмүүс ч ирэх нь байдаг юм билээ. Харин тэр хүмүүстээ зориулаад хөгжүүлэх бэлтгэл ангийг багш нар нь нээжээ. Уг нь сургалтын хөтөлбөрт нь тийм зүйл байхгүй байх л даа. 

Гэхдээ яах ч аргагүй хүүхэд байхаас нь бусадтай сургуульд соёлд явуулаагүй, гэртээ хав дараад гэх үү бас л манай нийгмийн буруу ойлголтын гор л доо, хоцрогдол ихтэй хүмүүс ч цөөнгүй бий. Тийм хүмүүстэйгээ тусгайлан жил ажиллаад дараа жилээс нь мэргэжлийн ангидаа сургаад явдаг ажээ. Бодвол энэ анги нь ямар ч төсөв мөнгөгүй, сургуулийнхан нь хөрсөн дээрх хэрэгцээндээ тааруулж зохицуулж явдаг байж таарна. Харамсалтай ч гэсэн үнэн л тэр. Шууд мэргэжлийн хичээлд хамрагдах боломжгүй, нийгмийн хандлага, төрийн бодлогын үр дүнд ийм болчихсон хүмүүс бидний дунд байгаа учраас хөөрхий багш нар хэрэгцээндээ тааруулж л ажиллаж байгаа нь тэр шүү дээ. Ямартай ч нийгмийн амьдрал орох гээд зориод ирсэн тэд, гэрээс нь гаргаад аваад ирсэн гэрийнхэнд талархах хэрэгтэй байх.


Австралид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ийм сургууль, ажлын байрууд маш их. Төр нь бодлогоор дэмждэг. Гэрийнхэн нь өглөө бүр сургуульд нь хүргэж өгөөд оройдоо авдаг. Тэд шинийг суралцахаас гадна нийгмийн харилцаанд ороод тун хэрэгтэй гэж тэд онцолдог. Манайд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сургуульдаа явж, мэргэжилтэй болоод ирэхээр амьдралын чанар ч дээшилж, сэтгэл зүйн байдал ч өөр болоод ирдэг.


Судалгаагаар манайд энэ сургуулийг төгссөн хүмүүс 20-30 хувь нь шууд ажлын байртай болж, зургаан сарын дараа 60-80 хувь нь ажилтай болсон байдаг юм билээ.
Мэдээж, ажлын байрны орц гарцаас эхлээд ажил олгогч талын хандлага, ар гэрийнхэн нь ажил төрөл хийлгэхийн оронд гэрээ мануулж, хүүхэд харуулахаас эхлээд ажлаас нь гаргачих энэ тэр явдал байдаг. Гэхдээ энэ бол цөөн хувьд нь тохиолдох явдал юм. Нийгмийн хандлагыг өөрчлөөд, бодлогоор журамлаад эхэлбэл бүр л багасана. Бас ч нэг үеэ бодоход Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гээд бодлогын байгууллагатай болчихсон хойно. Хамгийн гол нь тусгай хэрэгцээнд нь тохируулж, мэргэжил олгодог, ур чадварыг нь үнэлээд хамгийн сайн тохирох мэргэжлийг нь санал болгодог сургууль нь байна шүү дээ.


Ирээдүйгээ илүү сайхан гэрэлтэй болгохыг хүсч байгаа бол өнөөдрийн бэрхшээлийг бэрхшээл гэж бодолгүй тусгай хэрэгцээт залуус маань энэ сургуулийг зорьж очоосой. Сургууль нэмэлт элсэлт зарлаад хүн цөөн байгааг нь харвал хэрэгцээ бага юм шиг гэтэл үнэндээ дүүргийн эмнэлэг, сэргээн засах төв, протезийн газруудад оочер дугаар маш их байна. Тэгэхээр мэдээлэл яг тэр хүмүүстээ очиж чадахгүй байна уу. Хэдий болтол тэнд дугаарлаж зогсох вэ. Өөртөө итгээд, ирээдүйдээ итгээд энэ мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль руу зориосой. Хүүгээ нялх балчраас нь үүрч дүүрч ирсэн ээж тэдэндээ итгээд ирээдүйг нь гарт нь бариулахаар энэ сургууль руу хөтлөөд очоосой. Дандаа ээжээрээ хөтлүүлж биш өөрсдөө ирээдүйгээ атгах их хүч тэдэнд байгаа гэдэгт нь итгээрэй гэж хэлмээр санагдана. 

Одоо эрүүл саруул, бэрхшээл асуудалтай хэн ч бай хохирогчийн байр сууринаас бус өөртөө л итгэж урагшлах үе ирсэн шүү. Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох нэмэлт элсэлтийн мэдээллээс ургаад олныг нуршчихлаа. Гэхдээ та эргэн тойрондоо байгаа энэ мэдээлэл хэрэгтэй байгаа хүнд заавал дуулгаарай, ээж аавд нь ойлгуулж хэлээрэй. 

Үргэлж үр хүүхдээ дагуулаад явж чадахгүй хойно өөрт нь ирээдүйг нь атгуулаарай гэж. Яг хэрэгтэй хүнд нь зөв мэдээллийг хүргэж чадвал олон хүн амьдралаа илүү сайхан болгож чадна.