Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайтын зүгээс эцэг эхчүүдэд зориулан “Уурлах уу, учирлах уу?” буланг бэлтгэн хүргэдэг билээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд бидний бэлтгэсэн контентууд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүнд хүрчээ. Тиймээс бид "Уурлах уу, учирлах уу" булангаа өргөжүүлж, аав ээжүүдэд зориулсан цуврал уулзалтыг цөөнгүй зохион байгуулаад байна.

Энэ удаагийн эвентийн зочин бол судлаач, доктор Д.Отгонтуяа. "Хүүхэдтэйгээ хамт эерэг дадалд хэрхэн суралцах вэ?" сэдвийн хүрээнд ярилцсан юм. Түүний илтгэлийг анхааралтай сонсож, өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл авсан оролцогчдын сэтгэгдлээс тоймлон хүргэе. 


З.Олдохцэцэг: Хүүхдэдээ үлгэрлэх, гэр бүлээрээ суралцах ёстойг ойлголоо

Фэйсбүүк ухаж байтал энэ эвентийн бүртгэл гараад ирсэн. Сонирхоод хартал хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр надад тулгардаг бэрхшээлүүдийг яг оноод хэлчихсэн байв. Иймээс зорин ирж сургалтад суулаа. Хүү маань 9 настай.

Бид хоёр орой унтахаасаа өмнө шүдээ угаахаас эхлээд, ном унших, даалгавраа хийх гээд олон эерэг дадал хэвшүүлэхээр зорьж байгаа юм.

Энэхүү сургалтад сууснаар хүүхдэдээ “Чи үүнийг хий, сайн сураарай, мундаг бай” гэж хэлэхээс илүүтэй ээжийн хувьд өөрөөрөө үлгэрлэж байж эерэг үр дүн гарах юм байна гэдгийг сайтар ойлголоо. Хүүхдэдээ эерэг дадалтай, зөв хүн болгон болгон төлөвшүүлэхийн эхлэл нь ердөө өөртөө болоод гэр бүлийнхэндээ эерэг дадал хэвшүүлэх юм байна. Зохион байгуулсан танай хамт олонд баярлалаа.


Н.Батболд: Хүүхдийнхээ сэтгэл зүйг л сайтар ойлгох ёстой юм байна

Том охин маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Ажиглавал анхаарал төвлөрөлт нь сул байгаа юм. Үүн дээр нь анхаарч ажиллаж байна. Заримдаа болохгүй зүйл гарвал уурлаж, загнах гээд байдаг тал надал бий. 

Энэ зангаа хойш нь тавиад охиныгоо удаан цагаар, тогтвортой суулгаж сургая гээд энэ эвентийг зориод ирлээ.

Танай эвентэд сууснаар урьд нь анзаардаггүй байсан олон зүйлийг олж мэдлээ. Хүүхэд шинэ дадалд суралцаж байхад сэтгэл зүйг нь дэмжиж, ойлгож, ярилцаж л ёстойг ойлголоо. Энэ төрлийн эвэнтийг олон зохион байгуулахыг хүсэж байна.


Ц.Пүрэвсүрэн: Дадал бүрийг үр дүн хэмээн харах ёстой юм байна

Би гурван хүүхэдтэй. Бидний үеийн өсөж хүмүүжсэн орчин миний хүүхдүүдийн амьдарч буй нийгмээс шал өөр шүү дээ. Тийм учраас хүүхдээ хүмүүжүүлж буй арга барилаа үргэлж шинэчилж, шинэлэг зүйлд суралцаж байх нь чухал гэж боддог. 

Тиймээс Д.Отгонтуяа судлаачийн өгөх зөвлөгөөг сонсъё, өөрийгөө цэнэглэе гээд хүссэн. 

Түүний ярианаас "Хүүхдэдээ хэвшүүлэх гэж буй жижиг дадал бүрийг үр дүн хэмээн харж, тэрхүү үр дүн нь хэмжигдэхүйц бөгөөд тодорхой байх ёстой" гэсэн санаа нь маш их таалагдлаа.  Гол нь хэрэгжүүлэх л чухал шүү дээ.


Өөрийнхөө асуудлыг ч гэсэн мэдэж авлаа, асуудал дадалд байж

Хөдөөгүүр ажилтай явсан хойгуур эхнэр маань “Эвентэд бүртгүүлчихлээ, хүүхдүүдээ аваад очоорой” гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд ажилтай байхад юун сургалт вэ гээд төвөгшөөсөн байдалтай энэ хаалгаар орж ирсэн гэдгээ нуухгүй. Д.Отгонтуяа судлаачийн хэлж буй үг бүрээс өөртөө хэрэгтэй зөвлөгөө сонсоод, ирсэндээ баярлаж байна. 

Яг үнэнийг хэлэхэд би архины хамааралтай болж яваа юм. Одоо хүртэл буруу зуршлаа хаяж, гээж чадаагүй. 

Үнэндээ өөртөө өөрчлөлт шинэчлэлт хийх аргад суралцаагүй явжээ. Аав хүний үүднээс гэр бүлдээ болоод хүүхдийнхээ төлөө эерэг өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх ёстой юм байна. 

 "Хүүхэдтэйгээ хамт эерэг дадалд хэрхэн суралцах вэ?" эвентийн гэрэл зургуудаас..

Эвентийн зочин судлаач, доктор Д.Отгонтуяагийн ярилцлагуудыг унших: 

Д.Отгонтуяа: Хүүхэд амжилттай суралцах эсэх нь дадал зуршлаас шууд хамаардаг

Д.Отгонтуяа: Эцэг эхийн хайр халамж, итгэлцэл дутсан үед хүүхэд зөрүүдэлж, сурлагадаа муудаж эхэлдэг

Д.Отгонтуяа: Хүүхэдтэйгээ ойлголцохоо больсон нь ойлголцох оролдлого хийгээгүй таны буруу

Д.Отгонтуяа: Англи хэл сурах хамгийн үр дүнтэй арга нь анх эхэлсэн шигээ тууштайгаар үргэлжлүүлэх байдаг