Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр орон нутгийн сонгуулийн илэрсэн зарим ноцтой зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд:

Нэг биш нэлээн хэдэн зөрчил илэрлээ. Жишээ нь Архангай аймагт мөнгө тараасан нотлох баримттай зөрчлүүд гарсан. Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болсон тохиолдол нэлээн гарлаа. Мөн зарим нэг аймагт нэг удаа буруу дугуйлсан саналын хуудсаа солих гэхээр сольж өгөөгүй байгаа юм. 

Дүүргүүдээс ч мөн мөнгө тараасан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж оролдож байгаад баригдсан тохиолдол илэрлээ.

Тэр байтугай бөглөчихсөн саналын хуудас хүртэл өгч, кабинд орж байна. Энэ зөрчил Дундговь аймагт гарсан жишээ. Баянгол дүүрэг дээр гэхэд ямар хаяг дээрээ оршин сууж байгаагүй мэдэхгүй хүн 50-60 гараад ирлээ. Царцаа тавьсан нь энэ биз.  Хууль зөрчсөн байдал нь хэрээс хэтэрлээ. 

Энэ мэт санал гомдол, ноцтой зөрчил илэрсээр байхад СЕХ ямар нэгэн гомдол ирээгүй гэж ташаа мэдээлсэн. Бид уг нь энэ талаар тухай бүрт  нь мэдэгдэж байсан ч ямар ч арга хэмжээ авсангүй. СХД дээр гэхэд улаан цайм цагдаагаар хамгаалуулаад мөнгө тарааж байна. Байж боломгүй зүйлийг хэлээд байхад удаа дараалан энэ төрлийн зөрчил гаргасан. 

МАН бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийг авч явж чадсангүй. Тиймээс хоёрхон цагийн хугацаа үлдсэн энэ үед сонгогчид саналаа идэвхтэй өгөөч ээ гэж уриалмаар байна.