Прокурор, АТГ-ын удирдлагуудыг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө чөлөөлдөг болох хуулийн заалт бүхий Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батална.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уржигдар буюу өнгөрсөн даваа гарагийн орой хуралдаж, дээрх хуулийн төслийг яаралтай өргөн барьж, чуулганаар батлахаар шийдвэрлэжээ.

Улмаар тус хуулийн төслийг өчигдөр МАН-ын бүлэг, Засгийн газар хэлэлцээд дэмжсэн юм. Дараа нь буюу 18.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжээд буй юм.

Өнөөдөр буюу яг одоо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тус хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо дахин хэлэлцэж, үргэлжлүүлэн чуулганаар хэлэлцэн батлах товтой байна.